ЦААТАН-ТУВА

2010 оны хүн амын тооллогоор 282 цаатан иргэд бүртгэгджээ. Анх 1936 онд бичиг зохиолд цаатан гэж тэмдэглэх болсноос эл нэрээр нэрлэх болсон байна. Судалгааны бүтээлд XIX зууны сүүлч XX зууны эхэн үед Урианхайн хязгаарт Манж улсын захиргаанд Ойн, Сальджук, Тож, Та буюу Монгуш, Бэйс, Маат, Нибаз, Хозут, Шал гэсэн есөн хошуу захирагдаж байснаас Тож хошуунд Уйгур-цаатан иргэд нутагладаг байжээ.

Засаг захиргааны хувьд арван, сум, хошуу хэмээх бүтэцтэй бөгөөд нийт есөн хошууг “бүгдийн дарга” буюу (үзэр да) захирч, хошуу бүрийг “залан”, сумыг “занги”, арваныг “арваны дарга” захирдаг байв. Нийтээрээ Улиастайн жанжинд шууд харьяалагдаж байв.

Уйгур иргэдийн гарал, угсааны талаар эрдэмтдийн дунд нэгдмэл санал байдаггүй ажээ. Рашид-Ад Дины “Судрын чуулган”-д анхлан цаа үхэр малладаг “Ойн урианхай иргэд”, “Ойн урианхай аймаг” гэж тэмдэглэгдсэн байдаг бөгөөд цаа малладаг урианхайг Монгол урианхайгаас ялган түрэг хэлтэн хэмээн үзсэн байна. Цаатан иргэд өөрсдийгөө Тувагийн Тож хошууны Уйгур-Урианхай хэмээн нэрлэх ба дотроо Хуулар, Уруд, Сорс, Даргалан, Каштаг, Балгаш (Балыкчи) Дэмжээ, Додот, Соён, Зоот (Жогд), Хэрдэг гэсэн 11 овогт хуваагддаг. Эрдэмтэд тэднийг Уйгур-Урианхай бус Соёд Урианхай гэдэг. Тувагийн Тэр-Хөл хэмээх сум нь Дархадын Тэнгис, Шишгид голын бэлчирт бий. Хятан, Уйгурын үеийн цэргийн бэхлэлт, цайзын туурь байдаг нь эл нутаг Уйгур, Хятаны ноёрхолд байсныг гэрчилдэг бөгөөд үүнээс улбаалан цаатангууд өөрсдийгөө Уйгур хэмээн ерөнхийлөн нэрлэх явдал үүссэн байж болох ажээ.

Тэдний малладаг цаа буга нь дулааны улиралд дасан зохицохдоо муу, хүйтэн сэрүүн өндөрлөг газар илүүтэй зохицсон амьтан бөгөөд хасах 31-50 хэмийн хүйтэн цаг уурын хүнд нөхцөлд салхи сөрөн бэлчдэг. Эрт цагаас Уйгур-Урианхай иргэдийн амьдарч дассан орон сууц бол урц (еүке) юм. Урц нь нүүдэлчин, анчин аймаг, овгуудын анхны оромж, орон сууц юм. Урц үндсэндээ хатгуур мод (алаадже), бүрээс (алхе) хоёроос бүрдэх ба урьд цагт үйс, холтсоор бүрээслэж байсан бол XX зууны эхэн үеэс бөс, даавуу, арьс, брезентээр бүрэх болжээ.  Нэг урцанд 2-3 хатавч (4-5 метр урт, 2-3 метр өргөн),  2-3 дээвэр (3-4 метр урт, 2-3 метр өргөн) хэрэглэгдэх бөгөөд айлын байдлаас тоо нь янз бүр байдаг ажээ. Бүрээсээ бүрээд түүнийг 7-8 ширхэг урт модоор салхинаас хамгаалан даруулдаг.

Дээлийн энгэр нь дөрвөлжин, арьсаар дээд талд нь хараа тавин эмждэг. Эр хүний дээлэнд хирвээ тавьдаггүй, арьсаар нь эмждэг. Хормойг тойруулан 2-3 см өргөн хилэн, эсвэл хар тугалын арьсаар давхарлан оёно. Эмэгтэй хүүхдийн дээлийг 15 наснаас нь эхлэн хормойн эмжээрээс дээш өвдөг орчим хүртэл урд, ар хормойг тойруулан хар хилэн, эсвэл өнгийн даавуугаар хошлон татаж, хошлонгийн дээд талыг улаан, доод талыг өнгийн даавуугаар эмжин дээлэнд даруулан оёдог. Эрд гарсан хойно хошлон тавьдаггүй. Дээлийн ханцуйд хар хурган нударга залгадаг. Хүүхдийн дээл том хүний дээлнээс хийцийн хувьд ялгагдах зүйлгүй. Эмэгтэйчүүдийн гоёлын дээлэнд хирвэс эмжээр хадна. Ерийн дээлэнд хийдэггүй. Ан гөрөөнд өмсдөг дээл нь ерийнхөөс оготор байдаг нь явахад хөнгөн гэдэг. Эр хүний гоёлд модон гэртэй их, бага хоёр хутга, хэт (дархад, буриад хийцийн), тамхины илгэн сав, хасуурга, модон гаанс зэрэг багтдаг.

Урьд цагт эмэгтэйчүүд нь бүсний бэлнээс сувс, янз бүрийн өнгийн бөс даавуу, зоос мөнгө, инээлэг (уртаараа 9 см, өргөнөөрөө 2 см модон гэртэй, гадуур нь гууль, цагаан тугалгаар бөгжилсөн зүүний сав) мөн түүнээс сэнж гаргаж бөс даавууны цуулбар унжуулж, хоёр гартаа алт, мөнгөн бугуйвч зүүдэг байсан ажээ. Голчлон чинээлэг айлын эмэгтэйчүүд, хүүхдүүд ийнхүү гоёл чимэглэл эдэлж, даавуу, торгон дээл өмсөж байснаас ядуучууд нь өвөл, зуны нэхий, сармай дээлнээс өөр өмсөх хувцасгүй, зуны цагт дээлээ бэлхэнцэглэх юм уу эсвэл дээлгүй, хөл нүцгэн явдаг байсан гэж өндөр настангууд нь дурсдаг байжээ.

Цаатангуудын аж төрөх ёс: Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумдуудад нутагладаг Тува угсааны монголжсон ойн соёд урианхай нарыг Цаатан гэдэг. Цаатангууд анх Монголын түүх бичигт тэмдэглэгдэх болсон нь ердөө 200 гаруй жилийн өмнөөс юм. Анх Улиастайн амбан сайдын шавийн захиргааны данс бичигт 1764 онд “Дархад аймгийн хэмжээнд Эүкэ гэрт уулын хүмүүс ам бүл 22, цагаан буга 192 байна” гэж тэмдэглэгджээ. Тэд өөрсдийгөө уйгар хүмүүс гэж нэрлэдэг бөгөөд тэдний нутаг нь Монгол шарын даваа, Шишгэд гол болох юм. Хөвсгөлийн их тайгад 4 улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж аж төрдөг тайгын иргэдийг цаатангууд гэдэг. Цаатангуудыг Тувагаас нүүдэллэн ирж Хөвсгөлийн тайгад суурьшсан гэж түүхчид үздэг.  Цаатангууд өөрийн гэсэн хэл, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх өвөрмөц арга барилтай үндэсний цөөнх юм. Тэд уйгар хэлтэй. Тайгадаа бол өөр хоорондоо уйгараар ярьдаг. Бөөгийн шашин шүтнэ. Аж төрөх гол арга нь бол цаагаа маллан, түүнийхээ ашиг шимийг хүртэж ан гөрөө хийж амьдардаг.

Өдгөө 400 гаруй хүн буюу 100 гаруй өрх цаатан айл өвөлдөө хасах 31-50 хүртэлх  хүйтэн цаг уурын хүнд нөхцөлд амьдардаг. Цаатангуудын хувьд өөрсдийн бичмэл түүх гэж байхгүй, уламжлалт зан заншил нь алдагдаж байгаа гэж судлаачид үздэг.  Эрт цагаас цаатан ард түмний амьдарч ирсэн сууц нь урц юм. Нууц товчоо болон Рашид Ад дины судрын чуулганд ан гөрөөгөөр амьдардаг эртний аймгууд холтсон бүрээстэй гэрт амьдардаг гэж дурдсан байдаг. 

Цаатангууд халх маягийн дархад хийцтэй, өндөр босоо захтай, өргөн суга ханцуйтай, тавиу хормойтой, дан өргөн эмжээртэй дээл өмсдөг. Дээл нь эрэгтэй эмэгтэй, ангийн гэсэн гурван төрөл байдаг. Дархад хийцийн дуулган малгай, цааны годыг залгаж оёсон ширэн ултай гутал хийж өмсдөг. Мөн цааны арьсыг сайтар элдэж өмд хийж өмсдөг.

Эрт цагаас цаатан ард түмний амьдарч ирсэн сууц нь урц юм. Урцаа босгохдоо мод уулзуулан хатгаж, дээгүүр нь арьсаар бүрдэг байсан. Томовтор урцанд 28-32 мод, дунд зэргийн урцанд 22-25, жижиг урцанд 17-22 ширхэг мод хэрэглэнэ.  Хатгуур мод нь гол төлөв хуурай хар мод байдаг бөгөөд  3.5-4 метрийн урттай байна. Өмнө нь ихэвчлэн ангийн болон цаа бугын арьс, модны холтсоор урцаа бүрдэг байсан бол сүүлийн үед даавуу, бризент зэрэг материалыг ашиглах болсон байна. 

Тэдний хүнс нь цааны мах, цааны сүүгээр хийсэн цагаан идээ байх бөгөөд хатаасан хурууд нь тослог ихтэй зөөлхөн байдаг. Саалийн хугацаанд 96-100 литр сүү сааж авна. Цааны сүү өтгөн учраас хөөрүүлэхэд хөөрч дэврэхгүйгээр буцалдаг. Цааны сүү эхийн сүүг орлохуйц тийм сайн чанартай учраас нялхаст өгдөг. Цаатан өрх 10, 11 дүгээр сард өвлийн хүнсэндээ зориулж 2-3 цаа бугыг нядалж идэшний мах бэлтгэнэ. Мах нь амт сайтай, зөөлхөн, өтгөн бор шөл гарна.

Эх сурвалж: Монгол орны лавлах


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0