ХОТОН

2010 оны хүн амын тооллогоор 11304 хүн бүртгэгджээ. Хотон гэдэг нь Халимагийн (Ойрадын) өгсөн нэр, бид өөрсдийгөө Уйгар гэж нэрлэдэг хэмээн эдүгээ хүртэл ярьдаг байна. Түүгээр ч үл барам Ардын хувьсгалын дараах 1920-1930 оны үед ч хотонгууд Дөрвөдийг “Халимаг”, дөрвөдүүд Хотонг “Уйгар” гэж нэрлэж байжээ.

Зүүнгарын хаант улсын Галдан бошигт 1678 онд Дорнод Туркестан, түүний баруун өмнөд этгээдийн Хотон хотыг харъяандаа оруулаад, Бага Бухарын буюу Нангиад улсын Нан лу мужийн зургаан хотын нийт хүн амтай нийлүүлэн нийтэд нь “Хотон” гэж нэрлэх болсоноос үүсжээ. Эл үеэс монгол, манж түүх шастирт “Хотон аймаг” гэж тэмдэглэх болсон байна.

Хотонгууд гар усалгаатай тариалангийн уламжлалт дадлага туршлагыг хадгалсаар иржээ. Голын хөндий дагуу тариа, хүнсний ногоо тарьж Галдан хааны цэрэгт нийлүүлдэг байв. Зарим нь цэрэгт явж 1690 оны орчим Улаангом, Хархираа голын хавиар цэргийн хүнсний тариаг тарьж байжээ. XYIII зууны дунд үед дөрвөд, баяд нар Зүүнгар улсаас зүүн тийш нүүдэллэн Алтайг давж ирэх замдаа хотон хүмүүсийг олзлон авч Заг, Түй, Байдраг гол орчмоор нутаглажээ. XYIII зууны хоёрдугаар хагасаас XX зууны эхэн хүртэл хотон нар хошуу ноёндоо тариалангийн бүтээгдэхүүнээр алба барьж малыг нь малладаг байсан бөгөөд монголчуудын дунд удаан суухдаа нэлээд монголжиж дөрвөд аялгуугаар ярьдаг болсон байна.

Хотон үндэсний хувцас өмсгөл, зүүлт гоёлоос хотон эхнэр дээл эдүгээ хүртэл уламжлан хэрэглэгдэж байна. Хар өнгийг дээл хувцас, малгайндаа эрхэмлэн хэрэглэдэг нь шашинтайгаа холбоотой. Эрэгтэй, эмэгтэй аль ч дээлийн ханцуй нударгагүй бөгөөд хүйтэн сэрүүний улиралд ханцуйвч угладаг. Хотон эмэгтэйчүүд үсэндээ “чачваг” хэмээх зүйл зүүж ар нуруу руугаа унжуулдаг бөгөөд нөхөрт гарсан эсэхээс шалтгаалахгүйгээр 30 нас хүрч зүүдэг. Эмэгтэйн үсийг задлан хоёр салаа болгон гөрж чачваг зүүж том найр хийдэг байжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0