ХОТОГОЙД

2010 оны хүн амын тооллогоор 15460 хүн бүртгэгджээ. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Арбулаг, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Түнэл, Их-Уул, Завхан аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Тэлмэн суманд хотогойдууд амьдардаг.

Хотогойд нь XY-XYII зууны дунд үед Ойрад болон Халхчуудаас бүрэлдэн тогтсон угсаатны бүлэг юм. 1620 он гэхэд Ойрад-Хотогойд хоорондоо нэлээд тэмцэл зөрчилтэй байжээ. 1657 онд Ойрадын хунтайж Сэнгэ Хотогойдыг цэрэглэн дайрч эрхшээлдээ оруулжээ.  Дараа нь Галдан бошигт Халхад нөлөөгөө ахиулахын тулд Засагт хантай найрсаг харилцаа тогтоох үүднээс Хотогойдыг Засагт ханы мэдэлд өгчээ. Гэвч Хотогойдын ноён Лувсанринчен Засагт хан болон Ойрадын Галдан нартай эвээ олохгүй байсан учраас 1685 онд 1000 албат дагуулан Хөх нуурын тийш нүүн одож, Манжид шурган оржээ. Улмаар 1690 онд Өвөрмонголын “Улаан будан” гэдэг газарт Манж-Ойрадын хооронд болсон тулалдаанд Лувсанринчен албатаа дагуулан Манжийн талд орон байлджээ. Тэрбээр 1696 онд манжийн цэргийн хуаранд өвчнөөр нас барахад түүний дагуулж ирсэн Хотогойдын 1000 гаруй албат иргэд бутран сарниж нэг хэсэг нь 1709 онд эх нутагтаа эргэн ирж Увс, Ховдын газарт зонхилон сууж халхчуудтай холилджээ. Эл үед Зүүнгарын хаант улсын бүрэлдэхүүнд Дөрвөн Ойрад буюу Цорос, Дөрвөд, Хошууд, Торгууд аймаг хамрагдаж байжээ. Хожим Торгууд аймаг Ижил мөрний зүг нүүсэн учир түүний оронд Хойд аймаг Дөрвөн Ойрадын нэг болсон. Хойд нь Хотогойдтой удам угсааны хамааралтай болно.

1688 онд Галдан Халхад довтлох үед Хойдын тэргүүн Гэндэн тайж харъяат албатаа авч Сэлэнгэ мөрөнд зайлан сууж улмаар 1694 онд Манжид дагаар орсонд түүнийг бэйл цолоор шагнажээ. Гэндэн бэйлийн хүү Бүүвэй бэйл, түүний хүү Банди бэйл, түүний хүү Шадар ван Чингүнжав юм. Тэрбээр эцэг Банди бэйлийг 1737 онд залгамжилж 1757-1758 онд Халхад гарсан эрх чөлөөний төлөө зэвсэгт бослогыг толгойлсон тул түүнийг цаазаар аваачиж, дүү Ренчингийн удмаас Хотогойдын тэргүүнийг залгуулж байжээ. Хотогойдын гол хошуу нь Эрдэнэдүүрэгч вангийн хошуу бөгөөд башгид хэрдэг, мянгад, хотогойд, хигис, цувдаг, тоос, орхид, дархад, боржигон, мудар, онход зэрэг овгийн хүмүүс байжээ. Хотогойд нь XYI зууны сүүлч үеэс халхчуудтай хутгалдан түүхийн элдэв шалтгаанаар өөлд, урианхай зэрэг овог ястантай холилдон халхажсан ойрад удмын ард ажээ.

Хотогойд гэдгийг зарим эрдэмтэд Дөрвөн Ойрад буюу түүний бүрэлдэхүүнд байсан Хойд нараас үүсэлтэй, эл нэршил нь он цагийн явцад “хойд-гойд” болсон, XYI зууны сүүлчээр Ойрадаас хойд аймгийн хэсэг хүмүүс Засагт ханы нутагт нүүн ирж суурьшсан, халхчуудтай холилдон суусан тэднийг Ойрадын нутагт байх үндсэн “хойд” нараас ялгахын тулд “хойд-гойд” буюу “онцгой-хойд” зэргээр ялган нэрлэснээс үүдэлтэйгээр ийм нэршил үүссэн хэмээн үздэг байна.

XYI-XYII зууны зааг дээр Халхын баруун гар, Засагт хан аймгийн баруун хойд нутагт Хөвсгөл нуураас Увс нуур хүртэлх өргөн уудам нутагт Гэрсэнз Жалайр хунтайжийн угсааны Шолой сэцэн хунтайжийн захиргаанд Хотогойд хэмээх угсаатны бүлэг захирагдах болсноор хотогойдууд түүхэнд гарч иржээ. Хотогойд нар XX зууны эхэн хүртэл Халх-Ойрадын завсрын аялгуугаар ярьдаг байжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0