ҮЗЭМЧИН

2010 оны хүн амын тооллогоор 2577 иргэд бүртгэгджээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Сэргэлэн, Булган суманд халхчуудтай хамт нутагладаг. Үзэмчин гэдэг нь үзэм хэмээх жимсний нэртэй холбоотой. Домгоор бол үзэмчин нарын өвөг дээдэс нь үзэм ургадаг нутагт амьдардаг байснаас тийм нэр үүссэн гэнэ. XYI зууны үеэс Өвөрмонголын нутгаас Халхын нутагт ирж суурьшин Монголын харъяанд багтаж 1637 оноос Манжийн эрхшээлд захирагдан хоёр хошуу болон хуваагдан Шилийн гол аймгийн чуулганд захирагджээ. Тэднийг зүүн үзэмчин, баруун үзэмчин хэмээн нэрлэдэг.


1207 онд Их Монгол Улсын үед алс баруун зүгээс үзэмчин, үжигээдүүд нэгджээ. Эрт үед үзэмчингүүд Үзмийн цагаан уулын ойролцоо нутаглаж малын туурайгаар бяцран гишгэгдэх хүртэл элбэг дэлбэг үзэм жимсээ хураан боловсруулж амьдардаг байсан хэмээн домоглодог. Үзэмчингүүд Чингис хаанд нэгдэн ирснээс хойш өнө удаан жил эл нутагтаа амьдран суусан бөгөөд XY зууны үед Батмөнх Даян хааны хүү Төрболдын эзэмшилд орж хааны зарлигаар говьд шилжин суурьшжээ. XYII зууны эхэн хагаст Хэрлэн голын хөвөөнд нүүдэллэн ирж, Халхын Шолой сэцэн ханы ивээл доор нутаглах болж, улмаар 1673 онд Үзэмчний ноёд ард иргэдээ авч одоогийн Өвөрмонголын Шилийн гол аймгийн зүүн, баруун хошуугаар нутаглаж 300 жил амьдарчээ. 1945 онд тухайн үеийн БНМАУ-д улсад хэсэг үзэмчингүүд нүүдэллэн ирснийг Дорнод аймгийн Сэргэлэн, Баянтүмэн, Булган, Хэрлэн, Чулуунхороот сумдад суурьшуулсан байна.

Өвөрмонголын Шилийн голын Зүүн үзэмчингээс ирснийг Дорнод аймагт, Баруун үзэмчингээс ирснийг нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд нутаглуулах болжээ. Үзэмчингүүд сүлд шүтдэг. Сүлдээ “Чингисийн алтан дөрөө” гэх ба задалж үзвэл нүдний хараа буурна, нүгэл хилэнц нэмэгдэнэ гэж үздэг учраас будаж гоёсон тэргэн дотор залж наагуур нь хөшиг татсан байдаг байжээ.


Үзэмчин дээл нь захны урд хэсгээс энгэр рүү задгайрсан, ханцуй нь нарийн урт, зах нь босоо өндөр, дээлийн хормой дэрэвгэр байдаг. Хантаазыг “хажаар, жанжаар” гэх мэтээр нэрлэдэг бөгөөд эрчүүдийн хантааз нь ар, урд, хажуудаа оноотой, дагасан давхар эмжээрүүдтэй. Эрчүүд нь духай, залаат малгайнуудыг голчлон өмсдөг. Эмэгтэйчүүд нь өдөр тутам богино ууж өмсөж, хүндэтгэлийн үед урт уужийг хэрэглэдэг. Үзэмчин эмэгтэйчүүд уран нарийн хийцтэй, мөнгөн эдлэлийг маш их хэмжээний эрдэнийн чулуутай хамт хэрэглэнэ. Духны урдуур олон салаа улаан шүрүүд унжсан байх ба бусад ястны адил нөхөрт гараад үсний гэрийг хэрэглэнэ. Туйвны дээд хэсгээр улаан шүрээр чимсэн мөнгөн тоногтой. Ихэвчлэн том том эрдэнийн чулуугаар хүзүүний гуу хийж зүүдэг. Бэлний доод хэсэгт жижиг сэнжнээс зүүсэн таван өнгийн алчуураар гоёдог.


Домогт өгүүлснээр, эрт цагт өтгөн ой модтой, уул устай байгалийн сайхан бүрдсэн газар үзэм жимсээр хооллон ан ав хийж амьдардаг “үзэмчин” хэмээх нэгэн монгол үндэстэн амьдардаг байв. Тэдний дунд аав ээж хоёртойгоо амьдардаг нэгэн охин байж гэнэ. Тэр охин үзэм жимс түүж утсанд хэлхээд хүзүүндээ зүүж, ясыг нь хүртэл хэлхээд бугуйндаа зүүж тоглодог байжээ. Охиныг 18 нас хүрдэг жил нь нэгэн баатар эр гэрлэхээр болж нөхөрт гараагүй охидуудыг гэрийн найрандаа урьжээ. Охины аав нь “элдэв зүйлсээр чимэг зүүлт хийдэг энэ зан нь хожим хэрэг болно гэж хэлдэг байсан биш билүү” гээд хурааж цуглуулсан шүр сувдаа гарган өгчээ. Охин тэр шүр сувдаар нь толгойн чимэг болон хүзүүний зүүлт хийж зүүгээд баатар эрийн найранд очжээ. Баатар эрд тэр охин маш их таалагдаж бэр гуйжээ. Тэр цагаас хойш үзэмчин бүсгүйчүүд өнөөх охины чимэг зүүлтийг дуурайн зүүх болсон гэх ажээ.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0