УРИАНХАЙ

2010 оны хүн амын тооллогоор 26654 иргэд бүртгэгджээ. Сяньби, Хятан нартай удмын холбоотой Монгол угсааны аймаг. Өвөг дээдэс нь монгол нутгийн хойд болон баруун хойд захын ой хөвчид эрт үед амьдран сууж байсан ойн гөрөөчин аймаг юм. X зууны үеэс Баруун хойд урианхай, XII-XIII зуунаас Ойн урианхай хэмээн нэрлэгдсэн бөгөөд тэднийг мянгат болгон хуваахад 5 хэсэг мянга болж байжээ. Тэдгээр таван мянганы нэг нь Хэнтий ууланд Монгол хаадуудын “Их хориг” газрыг хамгаалдаг байжээ. Урианхай нэрт аймгууд нь удам гарлын хувьд Монгол, Түрэг хоёр гаралтай байсны дээр Монгол урианхай нь дотроо халх, ойрад хоёр янз байв.


Юань гүрэн мөхсөнөөс хойш Урианхай аймаг энд тэндгүй тархаж, зарим нь Дөрвөн Ойрадын дотор багтаж, зарим нь Зүүн Монголын бүрэлдэхүүнд орж, хожим нь тэд Халх, Өвөрмонголын дунд шингэжээ. Дөрвөн Ойрадын дотор багтсан урианхай цорос буюу өөлд аймагтай ихэд ойр дөт байсан тул тэднийг хамтад нь Өөлд урианхай гэж нэрлэдэг. XYI зууны үед Зүүн Монголын зургаан түмний нэг гэгдэж байгаад нэг хэсэг нь XYII зууны эхээр Алтайд хүрч нутаглан Халхын Засагт хан аймгийн захиргаанд орж, хожим нь одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил, Төгрөг, Цээл, Алтай, Бугат, Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Өлгий аймагт харьяалагдах болжээ.


Алтайн урианхайчууд Баян-Өлгий аймгийн Буянт, Булган сумдын нутагт, Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут суманд аж төрж байна. Нэлээд тооны урианхайчууд Сэлэнгэ аймгийн Орхон, Зүүнбүрэн сум, Хэнтий аймагт суурьших болжээ. Урианхай эмэгтэйчүүд сээтэн чихт малгай, өргөн ханцуйтай ууж өмсдөгөөрөө ялгарна. Ууж нь хатуу босоо дэргэр мөртэй,  ардаа оноотой байдаг. Эрэгтэйчүүд нь цагаан өнгийн дээлийг өдөр тутам өмсдөг. Ташаа хүртэл нь урт оноо гаргаж онооныхоо дээд талд хар даавуугаар том угалз оёдогоороо бусад үндэстнээс ялгарна.  Энгэр хормойг нь өргөн хар торго ба хурганы арьсаар эмждэг.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0