МАЛЧИН-ТУВА

2010 оны хүн амын тооллогоор 5169 тува бүртгэгджээ. Эдүгээ тувачууд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Ховд аймгийн Буянт суманд оршин суудаг.


Тувачууд МЭӨ III-I зуунд Хүннү, YI-YIII зуунд Түрэг, YIII-IX зуунд Уйгур, IX-XII зуунд эртний Киргиз, XIII-XIV зуунд Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байжээ. МНТ-нд “Туулай жил (1207) Зүчи баруун гарын цэргийг авч... Ойрад, Буриад, Барга, Урсууд, Хабханас, Ханхас, Тубас аймгийг оруулаад...” хэмээн дурдсан байдаг бөгөөд эл “тубас” хэмээснийг “тува” мөн хэмээн үздэг.


Одоогийн Монгол улсад амьдарч буй тувачууд буюу Алтайн тувачууд Тагнын Тувагаас хэзээ тасран салж Алтайд нутаглах болсон асуудлыг судлаачид нэг мөр тодруулаагүй байна. Тухайлбал, доктор А.Очир “Алтайн монгол хэлт урианхай нар Түрэг угсааны тува, тэлэнгүд нартай удаан хугацаанд зах залган нутаглаж, бас Зүүнгарын хаант улсын бүрэлдэхүүнд хамтдаа орж захирагдан явахдаа түрэг угсааныхны хэл, соёлын нөлөөг ямар нэг хэмжээгээр авсан байна. Түүгээр ч үл барам угсаатны бүрэлдэхүүнд нь түрэг элемент оролцсон нь тэдний овгийн бүрэлдэхүүнээс мэдэгдэж байна ... Тэгээд ч Зүүнгарын хаант улсын үед тэднийг түрэг гаралтай тува, тэлэнгүд урианхай нараас ялган өөлөг урианхай, өөлд урианхай хэмээн нэрлэдэг байж” хэмээн тэмдэглэсэн нь бий. Доктор Ц.Гантулга Манж Чин улс монголчуудыг эзлэн дагуулахаас өмнө тува нарын нэг хэсэг нь Ойрад монголчуудын бүрэлдэхүүнд багталцан захирагдаж байсан тухай тэмдэглэсэн байна. Зарим түүх бичгийн мэдээнд Галдан бошигт хаан Өөлд, Халх, Урианхайн 11 түм гаруй хүмүүсийг баримтлан захирч нэлээд хүчирхэгжээд идэр эр 50000, зэвсэгт цэрэг нь 30 мянгад хүрсэн байна. Галданцэрэн хааны (1727-1745) үед тухайлбал, 1734 оноос овог удам, хүч чадал нь харилцан адил бус зэрэг байдлуудыг харгалзаж отгийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээг авч, 12 отгийг шинээр байгуулсны дотор 5300 өрх, 6 зайсан бүхий тэлэнгүд отог багтаж байжээ. Эл тэлэнгүд отогт Алтайн Тувачууд багталцдаг байсан бололтой хэмээн тэмдэглэжээ. Харин зарим судлаачид сурвалжийн мэдээ болон угсаатны зүйн эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан Алтайд тувачууд нутаглах болсон явдлыг XIII зууны үеийн түүхэн хэрэг явдалтай холбогдоно хэмээн тайлбарлажээ. Түрэг аймагт харъяалагдаж байсан урианхай нь тува удмынхан болох бөгөөд тэдний нэгэн хэсэг нь олон үеийн турш монголчуудтай холилдон суусаар бүрэн монголжсон байна.


Манж нар Алтайн урианхайчуудыг бүрмөсөн эзлэн авсныхаа дараа Тэнгэрийг тэтгэсний 27-р он буюу 1762 онд Ховдын Хэбэй амбан Пуй-И-д зарлиг буулгаж, Алтайн урианхайн долоон хошуу байгуулан зүүн, баруун хоёр гарт хуваан захируулжээ. Тэдгээр долоон хошууны Зүүн гарын дөрвөн хошууны хоёр нь, Баруун гарын гурван хошууны нэг нь тувачуудаас бүрдэж байв.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0