12. МОНГОЛЫН ТҮҮХ

ТОРГУУД

2010 оны хүн амын тооллогоор 14176 торгууд ястан бүртгэгджээ. Ховд аймгийн Булган суманд зонхилон суудаг. Торгууд нь ноёд вангуудын орд өргөө, бие хамгаалах торгон цэргээс үүссэн ажээ. XII зууны эцэст Хэрэйдийн Ван хан Тоорил торгон цэрэг бүрдүүлснээс үүдэж торгуудууд үүсч Их Монгол Улсын үед эзэн хааны торгон цэргийн отог овгийг бүрэлдүүлж явснаас тусдаа нэгэн ястан болжээ. Торгууд хэмээх нэрний учир нь, МНТ-нд дурдсанаар “Хэрэйдийн Ван хан 1000 турхагуудтай, Хамаг Монголын Тэмүжин хан 70 турагуудтай ...” хэмээсэн байдаг бөгөөд судлаачид “турхаг, тураг” гэдэг нь том биерхүү гэсэн утгатай монгол үг, хэлний хөгжлийн явцад турхагууд, турагууд нь “торгууд” болсон хэмээдэг.


1420-иод оны үед Тоорилын удмын ноён Амгалан өөрийн харъяат торгууд нарыг авч Зүүн Монголоос нүүдэллэн Ойрадын Тогоон тайшийг түшиж очсон ажээ. Торгууд нар анхандаа хүч нөлөө багатай байсан боловч яваандаа хүн ам нь өсөж, эдийн засгийн чадавхи нь нэмэгдэн Ойрадын гол дөрвөн аймгийн нэг болсон байна. Торгууд аймгийн тэргүүлэгч Хоо өрлөг XYII зууны эхээр Цорос, Өөлд зэрэг аймгийн толгойлогч нартай эвдрэлцэн харъяат ардаа дагуулан 1630 онд Тарвагатайгаас Ижил мөрний савд нүүдэллэн нутагласан нь одоогийн Халимаг улсын гол цөм нь болж байжээ. Дараа нь 1750-иад онд Тарвагатайгаас мөн олон торгуудууд Орос руу дүрвэн гарчээ. Торгуудууд нь 1771 онд Увш тайжаар удирдуулан Ижил мөрнөөс 170 мянгуулаа эх нутаг руугаа буцаж нүүдэллэжээ. Оросын цагаан хаан цэргийн хүчээр тэднийг хориглож ихэнхийг нь буцаасан боловч 70-аад мянган торгуудууд Орос, Казахын эсэргүүцэлтэй тулгарсаар Монгол нутагтаа хүрч ирснийг Манжийн хаан хоёр ялган 1630 онд Хоо өрлөгийн дагуулж явсан торгуудуудыг 10 засаг хошуу болгоод одоогийн Хятадын Шинжаан Уйгарт суулган, сүүлд 1750 онд нүүсэн торгуудуудыг Баруун Монголд суулган тусгай хошуу болгон Ховдын амбанд захируулсан нь одоогийн Ховд аймгийн Булган сум юм. Булган суманд буй торгуудууд дотроо Бэйлийн, Вангийн, Шавийнхан, Тайжийнхан Цоохорын гэх таван үндсэн ясаас бүрддэг.


Торгууд түмний түүхэн их нүүдэл: 100 жилийн өмнө одоогийн Шинжаан Уйгарын нутаг нь Монголын газар нутаг байсан бөгөөд торгууд, урианхай, захчин, дөрвөд түмний өвөг дээдэс нүүдэллэн амьдарч явсан юм. Энэ нутагт аж төрөн амьдарч явсан торгууд түмний дунд 1923-1929 он хүртэл долоон жил амьдарч явсан Шведийн аялагч Хаслунд Торгуудын өв, соёл, уламжлал, амьдралыг судлан тэдэнтэй ээнэгшин дасаж Монгол хүн болж төрнө гэдэг их хувь тавилан, Монгол хүн бурхад мөн гэж номондоо өгүүлсэн байдаг. XYI зуунд Торгуудын ноёд харьяат ардаа аван Эрчис мөрнийг уруудан 1628 онд Урал, Ижил мөрөнд очин суурьшсан түүхтэй. 1771 оны эхээр халимагууд Зүүнгарыг зорин нүүсэнболовч Ижил мөрөн хөлдөөгүй байсан үе таарч, нүүгээд 20-иод хоносны дараа Оросууд араас нь нэхэж нүүдлийг зогсоож анхны тэмцэл тулаан болжээ. Торгуудын нүүдэл асар хэцүү байсан бөгөөд олон отолт, дайралтад өртөж, Балхааш нуурын орчимд Хасагийн дээрэмчдээс зугтаж яваад говь цөлийн их замыг туулжээ. Эдгээр дайралтаас болж маш их хүн хүчээ алдаж байсан ч хасаг, киргизүүдэдхүнд цохилт өгч байв. Хасаг, бурудын отолт дайралтаас дутааж цааш явсаар ангасан их говь цөлийг туулан зовж зүдрэн нутгаа зорин ирсэн тэдний зовлон нь барагдашгүй байсан. 

Торгууд эмэгтэйчүүд шүрээр чимэглэсэн тоорцог өмсөнө. Тоорцогны дээд талд 6 эсвэл 8 талт бадам цэцэг, урд талын сарыг саатай утсаар юмуу мөнгөөр тоноглон хийдэг. Торгууд эмэгтэйн ууж хатуу дэргэр мөртэй, ардаа оноотой байдаг. Эр, эм ялгалгүй тоохуу хэмээх эсгий гутал өмсдөг бөгөөд тоохуу нь ноосоор зулж хийсэн оймс юм. Ихэвчлэн 1.5 кг хар ноосоор хийдэг.    

Эх сурвалж: Монгол орны лавлах

ТОО
0
0
0