ӨӨЛД

2010 оны хүн амын тооллогоор 15520 өөлд хүн бүртгэгджээ. Монгол улсад буй Ховдын Өөлд нь Манжийн ноёрхлын үед Ховдын газар, Богд хаант Монгол улсын үеэс Дөрвөдийн баруун гарын Үнэн зоригт аймгийн харъяа Өөлд Үйзэн гүний хошуу гэж нэрлэгдэж байв. Хошуу нь сум, баг, аравт (арван гэр) гэсэн засат захиргааны нэгжээс бүрдэж байсан бөгөөд хошууг засаг ноёд, угсаа залгамжлан захирдаггүй, харин хошуу дотроос нэр хүнд бүхий тухайн төр ёсны төлөө үнэнч, ард олныг удирдах чадвартай хүнийг сонгон “Бүгдийн дарга” хэмээн нэрлэж байжээ. Бүгдийн дарга нь хошууны хэмжээнд мөрдөн явуулах бүх ажлыг ерөнхийд нь удирдан зохион байгуулах бөгөөд Ховдын сайдын газарт захирагдаж хошуу тамга хэрэглэж байв. Дээрх хошуунд бүгдийн даргаас гадна мээрэн, залан, занги, хүнд, зарлага, бичээч гэсэн албан тушаалтан хүмүүс байжээ.


Өөлдүүд одоогийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Архангай аймгийн Өлзийт, Өгий нуур, Хотонт сумдад суудаг. Өөлд гэдэг нэр нь Ойрад гэдэг үг сунжирснаар бий болсон гэж судлаачид үздэг байна. Манж нар өөлдүүдийг 1730 онд Халх гол, Буйр нуурын орчимд нутаглуулж, дараа нь 1761 онд баруун тийш дахин нүүлгэж Орхон голын дунд хавиар, Өгий нуурын ойролцоо суулгаад Халхын Сайн ноён хан аймагт захируулсан байна.


Өөлдүүд хувцсандаа саарал өнгийг хэрэглэдэггүй нь манжийн үед байсан боол хүний хувцасны өнгө учраас юм. Өөлд эрэгтэйчүүд хөх өнгийн дээлийг эрхэмлэн өмсөж, 15-20 см өргөн манз гарган эмждэг, оноогүй байдаг. Дээрээ сампинтай, хөх орой, хөх бүчтэй, улаан ширээс бүхий торгоор гадарласан “тумлай” хэмээх малгай өмсдөг. Эмэгтэйчүүд нь хар өнгийн ууж, улаан өнгийн дээлийг өмсдөг нь түүхэн үед амссан гашуун амьдралыг харуулдаг. Уужны хоёр ташаанаас зүүх мөнгөн бэл нь олон хорол дүрстэй. Нөхөрт гарсны дараа туйв зүүх ба дээд хэсгээр чимэглэж доод хэсэгт нь улаан туузыг дарж оёдог нь бусад угсаатнаас ялгарах нэгэн онцлог юм. Өөлд эхнэрийн цэгдэг нь цагаан захтай байдаг.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах

 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0