Засагт
хан аймгийн гүн Загдсамбарын хошуу буюу одоогийн Завхан аймгийн Баян-Айраг
уулын өвөрт малчин Башлуугийн хүү болон мэндэлжээ. 5 настай байхад нь Дилов хутагтын 5 дугаар дүрд өргөмжлөгдөн
банди сахил хүртэж, 21 насандаа гэцэл сахил хүртсэн байна. Эрдэм мэдлэгийн
арвин их санд шаргуу суралцаж, улс орны төрийн хэрэг болон шашны хэрэгт
зүтгэсээр 1916 онд Хатанбаатар вантай нэгдэн баруун өмнө хязгаарын дайн
самууныг даралцжээ. Хувьсгалын үйл хэрэгт оролцон Хатанбаатар, Бодоо нартай
Орос улсаас тусламж гуйхаар яваад Хиагтын хил дээрээс албан баримт бичиггүй
хэмээн буцаагдсан байна. 1930 онд “Эрэгдэндагвын 38-ын хэрэг” гэгчид
холбогдуулан баривчилсан боловч хэрэг үл нотлогдсон тул тэнсэн өгч суллажээ. Жилийн
дараа Дотоод яамнаас Төвдийн гэгээнтэн Банчин богд, гаминдааны хятадууд,
Өвөрмонголд нэвтэрсэн япончуудын хэргийг судлуулахаар туршуул болгон Хятад руу
явуулжээ. Ийнхүү 1931 оны 2 дугаар сарын 26-нд эх нутгаа орхин гарахад “Дилов
хутагт оргожээ” хэмээх цуу яриа дэгдсэн байна. 1932 оны 6 дугаар сард Бээжин
хотод Банчин богдод мөргөөд улмаар хамтдаа Нанжин хотноо Халхын тухай хуралд
оролцож, Хятад ба Монгол улсад чөлөөтэй зорчих эрхийн бичиг олж авсан
гэдэг. Дилов хутагт Өвөрмонголын нутагт
байхдаа Баруун Сүнэдийн Дэмчигдонров гэгч нь япончуудтай харилцаж хамтран
ажилладаг болохыг тогтоожээ. Ийнхүү хилийн цаана оноосон үүрэг даалгаврыг
биелүүлж явтал түүнтэй харилцаа холбоотой ажиллаж мэдээ дамжуулж байсан
хамтрагч нар нь 1937-1939 онд бүгд баривчлагдан хэлмэгдэж хороогдсон тул өөрийн
хэргийг батлах хүнгүй болж нутагтаа эргэн очих ямар ч боломжгүй болжээ. Түүнээс
хойш бүгэж амьдарсаар 1949 оны 2 дугаар сард Америкийн Монголч эрдэмтэн
профессор Латтиморын тусламжтайгаар АНУ-д ирж Балтимори хот дахь Жонс
Хопкенсын Их Сургуулийн монгол судлалын танхимд ажиллахааар болжээ.
Тухайн
үед АНУ-д монгол цустан иргэд байсан боловч бүгд Халимаг, Өвөрмонголоос ирсэн
хүмүүс байжээ. Дилов хутагтыг Гадаад Монгол иргэн гэдгээр нь ихэд онцолж
хүндлэн харилцдаг байв. 1951 онд Вашингтоны их сургуулийн Алс Дорнодын
тэнхимийн урилгаар тус сургуульд зочилж Монголч эрдэмтэн Николас Поппетой
уулзжээ. Тэр уулзалтад Паул Кирхофф нарын багш, Висконсины Их сургуульд багшилж
байсан Роберт Миллер нарын доктор, оюутнууд идэвхтэй оролцож олон асуултыг
Дилов хутагтад тавьсан гэдэг. Дилов хутагт бол маш эрдэм боловсролтой,
цэцэн цэлмэг, эелдэг зөөлөн, сайхан хүн байсан тухай түүнтэй уулзсан америкийн
эрдэмтэд тэмдэглэн үлдээжээ.
1950-1952 онд тэндэхийн халимагуудтай хамтран Нью
Жерси мужид Буддын шашны анхны сүмийг байгуулахад ширээт ламаар нь залагджээ.
Дилов хутагт нь Монголын их хутагтуудын хамгийн сүүлчийн хутагт бөгөөд шарын
шашны томоохон төлөөлөгч байв. Тэрбээр Лхас хотод 3 жил амьдрахдаа XIY Далай
ламын гэрийн багш байсан тул хожим Дилов хутагтыг таалал төгсөхөд Далай лам
очиж буяны ном хуржээ. Тэрбээр эх орондоо буцаж очихыг ихэд хүсдэг байсан тухай
америк нөхөд нь ярьдаг бөгөөд Америк дахь буддистуудын хэрэгцээ шаардлагын
улмаас завдал тохиол болохгүй байсаар буцаж чадаагүй гэдэг. Тэрбээр Чан Кайшигийн
зөвлөх хийж байсан ба 1960 онд Чан Кайшигийн Засгийн газартай зөвлөлдсөний
үндсэн дээр “Монгол улс бусад тусгаар тогтносон улс гүрнүүдийн адил НҮБ-д бие
даасан гишүүн байж болно” хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн нь хутагтын туулж
өнгөрүүлсэн түүх намтар, бүтээсэн үйл хэргийн тэмдэглэлд үлдсэн маргашгүй
баримт бөгөөд эх орныхоо төлөө хийж чадсан хамгийн сүүлчийн түүхэн гавъяа ажээ.
Тэрбээр 1965 оны 4 дүгээр сарын 7-нд 82 насандаа Нью-Йорк хотод таалал төгссөн
ба чандарынх нь нэг хэсгийг Энэтхэгт, нөгөө хэсгийг түүний гэрээслэл ёсоор
төрсөн эх орон Монгол улсад аятай цаг ирэхэд аваачиж оршуулахаар тогтсон гэдэг.
1990 оны 5 дугаар сарын 18-нд БНМАУ-ын Дээд шүүхийн 4 дүгээр тогтоолоор Башлуу
овогтой Жамсранжавын хэргийг цагаатгажээ. Дилов хутагт гэдэг нь Дүйнхор бурханы 84 шидтэний нэг
нь юм. Дилов хутагтын эхний 4 дүр нь
Энэтхэгт 988-1069 онуудад амьдарч байсан хүмүүс байжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.