Чингис
(1162-1227) хаан эхлээд овог аймгаа, дараа нь угсаатнаа, эцэст нь
дайснуудаа цэгцэлсэн бөгөөд ямар ч хаадын түүхийг судалж үзэхэд Чингис
хааны түүх шиг агуу түүх байхгүй бөгөөд дэлхий ертөнцийг эргүүлсэн түүх
байсан хэмээн ихэнх судлаачид санал нэгддэг билээ.
Монголчуудын
өвөг Бөрт чоно, Гуа маралын XII үеийн удам Алунгуа хатан бөгөөд Алунгуа
хатны X үе нь Тэмүжин юм. 1189 онд Тэмүжинийг Хамаг Монголын хаан
ширээнд залж, “Чингис” гэдэг цол олгожээ. Чингис гэдэг нь “тэнгис” гэсэн
үгнээс гаралтай бөгөөд хааны эрх мэдэл далай шиг хязгааргүй гэсэн
утгатай хэмээн тайлбарладаг. Чингис хаан бүх монголыг нэгтгэхийн тулд 16
жилийг зориулж, эцэст нь 1206 онд Их Монгол Улсыг байгуулан Онон мөрний
хөвөөнд хааны ордыг босгож, мянган азаргын цагаан сүүлээр Есөн
манжлагат цагаан сүлд, Дөрвөн манжлагат хар сүлдийг Улсын сүлд болгон
тахижээ.
Төрийн
хэрэгт оролцох эрх бүхий 4 хатан, тэдгээр хатдаас төрсөн хүүхдүүд, үр
удмыг нь түүхэнд Алтан ураг гэж нэрлэдэг. Чингис хааны их хатан Бөртэ
Үжин 4 хүү, 3 охин төрүүлсэн бөгөөд тэдгээр дөрвөн хүү, тэдний үр ач нар
нь 1634 он хүртэл Монголыг захирсан юм.
Чингис
хаан харъяат улс орнуудаас алба татвар авах, мэдээ хүргэж ирдэг тогтсон
нэг газартай байх шаардлагын улмаас Аураг горхины дэргэд хэд хэдэн орд
өргөө бариулсан нь Хөдөө арал хэмээн түүхэнд үлдсэн бөгөөд 1197 оноос
эхлэн цэргийн хүрээ байгуулж, гадаадын элч төлөөлөгчдийг оруулахгүй байх
зарлиг гаргаж чандлан нууцалжээ. Харилцаа холбоог сайжруулахын тулд
өртөөний албыг бий болгож цэргийн албаны оронд өртөөний албанд зүтгэхийг
эрчүүдэд зөвшөөрдөг байв.
Чингис
хаан олон тушаал зарлиг гаргах болсон учраас Өүлэн эхэд өгч өсгүүлсэн
Шихихутагийг бичгийн болон шүүгч түшмэлээр томилжээ. Уйгар эрдэмтнийг
урьж хөвгүүддээ хичээл заалгаж, уйгар үсгийг монгол үндэстний албан ёсны
бичиг болгох шийдвэр гаргасан юм. Тухайн үед хятад дүрс үсгийг авч
хэрэглэдэг улсууд олон байсан боловч Чингис хаан уйгар үсгийг авсан нь
монголын соёлыг хятадын соёлд уусгахгүй ангид байлгах гэсэн холч бодлого
байсан хэмээн судлаачид дүгнэжээ. Түүний зарлигласан Их засаг хууль нь
тухайн үеийн ИХ Монгол Улсын Үндсэн хууль төдийгүй Төв Азийн анхны
үндсэн хууль байсан гэж үздэг. Их засаг хуулийн гол үзэл баримтлал нь
хаан буюу төрийн эрхийг дээдлэх, хаан буюу төрд үнэнч байх, хуулийг
сахин биелүүлэх, эзэн харъяат албатын ёсыг чанд сахин мөрдөх, ахмадыг
хүндэтгэх, нялхсыг асрах, эе эвийг сахих зэрэг асуудалд чиглэж байжээ.
Чингис
хаан эзэлсэн улс орныхоо сайныг нь улам сайжруулан батжуулж, мууг нь
хаядаг сэтгэлгээний сонголт хурдан хүн байжээ. Найман аймгаас олзолсон
тамганы түшмэл Тататунгад даалган 1206 онд Төрийн хасбуу тамгыг
хийлгэжээ. Гадаад улс орнуудаас тухайн үед нэрд гарсан эрдэм номтой
хүмүүсийг ирүүлж төрөл бүрийн сэдвээр ярилцдаг байжээ. Тухайлбал, Чан
Чун Бумбо хэмээх өвгөн хуврагийг олон удаа залж байж уулзсан байдаг.
Тийм ч учраас Чингис хаан насан өөд болохоосоо 8, 9 жилийн өмнө бүх
зүйлийг шийдэж өөрөөс нь хойш улс орноо хэрхэн яаж авч явах талаар
урьдчилан заавар зөвлөлгөөгөө үлдээж чадсан юм.
Чингис
хаан одоогийн Хэнтий аймагт Онон голын ойролцоо Дэлүүн болдог хэмээх
газар 1162 онд төрөөд, 44 насандаа Их Монгол Улсыг байгуулж, 1227 онд 65
насандаа таалал төгсчээ. Чингис хааныг нас барахад эх нутгийнх нь
хөрсөнд нутаглуулж, нойрсож буй газрыг хамруулан хэдэн зуун км газрыг
дархалжээ. Эл бүсийг дайчин овог сахин хамгаалж Алтан ургийнхнаас өөр
хэнийг ч нэвтрүүлэхгүйгээр Их хориг хэмээн нэрлэснээс хойш 800 жил
хаалттай байж, тэнд ан ав хийх, мод огтлох, чулуу хөдөлгөх, жим мөр
гаргах, байшин сүм барих, аялал хийх, зам гүүр тавих зэрэг бүгд хориотой
байв. Бүсгүй хүн Бурхан халдун уул харагдахаар ойрхон очиж болдоггүй,
эрчүүд хажууд нь архи дарс уух, чангаар ярих, хайрханы нэрийг хэлэх
зэрэг нь хориотой байв.
XX
зууны дунд үеэс Зөвлөлтийн цэргийн анги хажууд нь байрлах болсон үеэс
Их хориг нэрийг нь өөрчилж “дархан цаазтай газар” болгожээ. Мөн эл үеэс
эхлэн анчид, жуулчид хөлхөж, захаар нь малчид бууж, гаднынхан Чингис
хааны онгоныг хайх болжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.