ДОГОЛОН ТӨМӨР

Монголын барулас омгийн ноёны хүү Төмөр нь 1336 онд Бухар хотоос баруун өмнөд зүгт орших Кеш хотод (Узбекстаны өнөөгийн Шахрисаба хот) төржээ. Багадаа зүүн хөлөө гэмтээж доголон болсноос Доголон Төмөр гэж түүхэнд мөнхөрчээ. 12 настай байхаасаа эхэлж цэрэг дайны үйл хэрэгт амьдралаа зориулжэцгийгээ даган дайн байлдаанд оролцож эхэлсэн. 1361 онд Дундад Азид ихээхэн газар нутаг захирдаг Чингис хааны удмын Тогтох ханы албанд орж, түүний хүү Ильяс Хожийн зөвлөхөөр ажиллаж байхдаа мужийнзахирагч болж, барулас омгийн иргэдээс бүрдсэн цэргийн багтай болсон байна. Иргэдийн дотор нэр хүндтэй болсон Доголон Төмөрт Тогтох хан дургүйцэн гадуурхах болсноос аргагүйд тулж жаран цэрэг дагуулан оргож Бадахшаны ууланд нуугдаж, араас нь нэхэн ирсэн Тогтох ханы зуу шахам цэргийг бут цохижээ.  Доголон Төмөр Балх омгийн захирагч, Самаркандын эмир Хусейн нартай цэргийн холбоо байгуулж Тогтох хан, түүний хүү И.Хожи нарыг ялаад дараа нь Самаркандын эмир Хусейнд дайн зарлаж хотыг нь эзэлжээ.

1370 онд Сырдарья мөрний нөгөө эрэг хүртэл дайтаж, дайн байлдаан хийхдээ хүний санаанд багтамгүй арга заль хэрэглэдэг болжээ. Цэргийн хүчээ монголчуудаар бэхжүүлж мөн онд Амударья, Сырдарья мөрнүүдийн хооронд орших Мавераннахр мужийн эмирээр өөрийгөө өргөмжилж Самарканд хотыг нийслэлээр зарлаж, нүүдэлчин аймгуудын язгууртнууд, лалын шашны дээд лам нарын дэмжлэгтэйгээр Чингис хааны үр садын нэрийн өмнөөс бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлжээ.Тэрбээр Чингис хааны шууд удмын хүн биш байсан тул өөрийгөө хаан өргөмжилж зүрхэлсэнгүй, ийнхүү өөрийгөө “эмир” гэж нэрлээд, Цагаадайн удмын Сүюргатмыш, Султан Махмуд зэргийг ёс төдий хаанд өргөмжлөөд 1370 оны их байлдан дагуулалтыг эхэлсэн юм. Тэрбээр монгол угсааны хатантай болж өөрийгөө Чингис хааны үйл хэргийг үргэлжлүүлэгч хэмээн өргөмжилжээ.

Байлдах ур чадвар төгс 313 дайчдыг сонгон авч 10-ыг нь аравтын дарга, 100-г нь зуутын дарга, сүүлчийн 100 хүнийг мянгатын даргаар томилж бусдыг нь шадар жанжнаа болгожээ.Аравт, зуут, мянгатын цэргүүд нь морины өнгө зүс, өмсөж байгаа хуяг дуулга, туг, хувцасны өнгөөрөө хоорондоо ялгагддаг байв.Доголон Төмөр цэргүүддээ дайны олзыг хувааж өгдөг байсан төдийгүй тогтмол цалин олгодог байжээ. Түүнээс гадна байлдаанд үзүүлсэн гавьяаг нь үнэлж жагсаалын өмнө сайшаах, цалинг нь нэмэх, үнэт бэлэг, зэвсэг олгох, албан тушаал дэвшүүлэх, агт морь шагнаж олгох зэргээр урамшуулж өөртөө үнэнч байлгах нөхцөлийг бүрдүүлдэг байжээ. Найдвартай хамгаалалтад онцгой анхаардаг, морин цэрэг дайралт хийхэд тохиромжтой, бэлчээр сайтай, ундны усны эх булаг сайтай газрыг зориуд сонгож тулалдаан хийдэг байв.Цэргээ байлдааны журамд байрлуулахдаа, сум тавихад наранд нүд нь гялбахгүй байхаар зохицуулж нөөцөнд ихээхэн цэрэг үлдээдэг байжээ. Байлдааныг хөнгөн морин цэрэг эхэлж дайсан руу суман мөндөр буулгасны дараа морин цэрэг дараалан дайралт хийж эцэст нь нөөцний цэргүүдээ оруулдаг бөгөөд “Арав дахь дайралт ялалт авчирна”  гэсэн зарчмыг баримталдаг байв.

Доголон Төмөр байлдан дагуулалтаа 1371 - 1380 онд есөн удаагийн аян дайнаар хийсэн ба узбек иргэд оршин суудаг, өнөөгийн Афганистаны дийлэнх нутаг дэвсгэрийг эзлэн эрхшээлдээ оруулжээ. 1386 онд Кавказ руу дайн хийж Тифлис хотын ойролцоо болсон тулалдаанд гүржийн цэргийг бут ниргэн нийслэл хотыг нь түйвээж хөрш орших Арменийг явуут дундаа эзэлжээ. 1388 онд Хорезмийн хаант улсыг буулган авчээ. Гэвч Доголон Төмөр бууж өгснийг нь эс харгалзан нийслэл Ургенч хотынх нь бүх оршин суугчдыг хүйс тэмтэрсэн байна. 1389 онд Балхаш нуурын урд талын өнөөгийн Казахстаны өмнөд нутаг руу довтолжээ. Персийн эзэнт гүрэн рүү явж байх үед нь Алтан Ордны улсын Тохтамыш хаан эмирийн нутагт нь халдаж хойд нутгийг нь түйвээж байгаа тухай мэдээ авч нийслэл Самарканд хотдоо буцаж ирээд томоохон дайнд бэлтгэж эхэлжээ.  Доголон Төмөр эмир Алтан Ордны улс руу 1389,1391,1394-1395 онуудад нийтдээ гурван удаа аян дайн хийхдээ нар төөнөсөн хээр талаар 2500 км зам туулжээ. 1391 оны 7 дугаар сард Кергель нуурын дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд хоёр талаас тус бүр 300 мянга орчим цэрэг оролцож Доголон Төмөр эмирийн цэрэг ялж Алтан Ордны улсын нийслэл Сарай хотыг эзэлсэн ч тус орны нутгийг эрхшээлдээ авсангүй орхиод буцжээ.

1395 онд дахин Алтан Ордны улсыг түйвээж, Оросын нутагт хүрч хилийн Елец хот-цайзыг эзэлж түймэрдсэний дараа дахиад л яагаад ч юм орхиод буцжээ. 1392 - 1398 онд Перс, хөрш орших Кавказын цаад нутаг, 1394 онд Патила хотын ойролцоо Персийн Мансур шахын их цэрэгтэй хүнд морин цэргийн тулалдаан  хийж ялснаар Персийн эзэнт гүрнийг бүрэн эрхшээлдээ оруулжээ. 1398 онд Энэтхэг рүү довтолж Мератх хотыг эзэлж, Ганга мөрөн рүү морьтойгоо орж энэтхэгийн усан онгоцууд руу дайрч ялалт байгуулжээ. Дараа нь Дели хот руу ирж Махмуд Туклакийн удирдсан цэргийг бут ниргэж, баян хотыг тонон дээрэмдэж Самарканд руу илгээгээд бүх байшин барилгыг нь нурааж газрын хөрстэй тэгшилснийг хожим деличүүд бараг зуун жил хөдөлмөрлөж байж сэргээн босгосон гэдэг.  1398 онд Панипат хотын дэргэд болсон тулалдаанд олзлогдсон зуун мянган энэтхэг цэргийг цөмийг нь алж цэргүүдийн толгойгоор овоо босгож байсан гэдэг. 1400 онд Сири улс руу аян дайнд мордож  Алеппо (өнөөгийн Халеб хот) хотын ойролцоо хийсэн тулалдаанд туркийн цэргийг ялж, цайз хотуудыг нь эзэлж мөн л үнсэн товрог болгожээ. 1401 оны 1-р сарын 25-нд Сирийн нийслэл Дамаск хотыг эзэлж үнэтэй цайтай бүхнийг нь нийслэл Самарканд хот руу зөөж амьд үлдсэн хорин мянга орчим иргэдийг нь хяджээ. Туркийн эсрэг дайн эхэлж хилийн Кемак цайз, Сивас хотыг эзэлсний дараа Туркийн Баязид султанаас энхийн хэлэлцээ хийлгэхээр элч ирүүлснээр тус аян дайн түр зогсжээ. Удалгүй Кизил-Ирмак голыг гаталж нийслэл Анкара хотыг бүсэлж, 1402 оны 6-р сарын 20-ны өдөр ялалт байгуулжээ. Тэнгисийн эргийн Смирна хотыг эзэлж Дундад Ази руу буцах замдаа Гүржийг байлдан дагуулжээ.

Хөрш орнууд нь Доголон Төмөрийн байлдан дагуулалтаас эмээж эрхшээлд нь орсноо мэдэгдэж ихээхэн алба татвар төлдөг болжээ. Тухайлбал, 1404 онд Египетийн султан, Византийн эзэнт гүрний Иоанн хаан Доголон Төмөр эмирт асар их бэлэг ирүүлсан байна. Ийнхүү Доголон Төмөр эмир Чингис хааны цэргийн байгуулалтын уламжлалыг үргэлжлүүлж том эзэнт гүрэн байгуулж чадсан юм. Нийслэл Самарканд хотоо үнэт эрдэнэсээр дүүргэж эзэлсэн улс орнуудаас 150 мянга гаруй уран гартан авчирч гоёмсог орд харш бариулж тэдгээрийг монголын цэргийн байлдан дагуулалтыг харуулсан зургаар чимэглүүлдэг байжээ. 

Тэрбээр Хятад руу аян дайн хийхээр бэлтгэж байхдаа 1405 онд насан өөд болж хөвгүүддээ нутаг дэвсгэрээ хуваан захирахыг гэрээсэлсэн боловч хөвгүүд нь хоорондоо дайтаж амьд үлдсэн цорын ганц залгамжлагч Шарук нь 1420 онд Самарканд хотод эмирээр заларчээ. Төмөр хаан Хятадын Мин улсаас өөрийг нь дагаар орохыг шаардсан захиа хүлээн авсны дараа 1405 онд Хятадтай дайтахаар зүүн тийш цэрэглэн хөдлөх замдаа өвчний улмаас нас баржээ. Тэрбээр Монголын Өлзийттөмөр хаантай холбоотой байж Мин улсыг эзэлж урьдын Монголын эзэнт гүрнийг сэргээх зорилготой байсан гэдэг.

Эх сурвалж: Монгол орны лавлах


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0