Хүннүчүүд 375 онд Төв Азиас
нүүдлэн ирж баруун зүгийн орнууд руу дайран довтолсон билээ. XIY зууны
сүүлчээр амьдарч байсан Ромын түүхч Аммианнус Марселлнус Хүннү нарын
тухай “Тэд ой гутмаар, зэвүү хүрэм муухай царайтай, хоёр хөлтэй зэрлэг
амьтнууд“ гэж бичиж үлдээжээ. Харин Клермонт сүмийн хамба лам Сидониус
Аполминориусийн 433-479 оны нэгэн илтгэлд “Царай нь хүртэл дөнгөж төрсөн
хүүхэд мэт айж сүрдмээр дүр төрхтэй. Хавтгай нүүрэндээ
зохимжгүй навтгар хамартай бөгөөд түүнийгээ ороож боох ба төмөр дуулга
унжлагатай“ гэж дурьджээ. Энэ мэт тоо томшгүй, олон аймшигт мэдээнүүд
салхи мэт хурдан бүхий л Европоор тархсан гэдэг.
Шинээр
хүчирхэгжсэн Сяньби нарын эрхшээлд орохыг хүсээгүй Хүннү нарын зарим
хэсэг нь Монгол эх нутгаасаа тасарч нүүдэллэн баруун өрнө зүг рүү аялан
дараагийн зуун жилийн эргэлт өөрчлөлтөнд орсон билээ. 375 онд Дунай
болон Днепр мөрний хооронд дахь нутагт Германы зүүн Готууд нутаглаж
байв. Зүүн готуудын эсрэг Хүннүчүүдийн хийсэн дайны тухай Грекийн пап
ламд түүхч Зосимос бичихдээ: “Хүннүчүүд зүүн готууд руу тэнгэрээс
асгаран тэсрэх гэж буй аадрын хүчит үүл мэт хуралдан, цус урсган дарах
мангас мэт довтолж байлаа” хэмээн өгүүлжээ. Зүүн готуудыг ялсны дараа
хүннүчүүд дахиад баруун зүг рүү нүүдэллэн эцэст нь нам дор газар бүхий
Альп, Дунай, Саав болон Ромын Эзэнт улсын хязгаар нутаг болох Панионд
тулж очжээ. Ийнхүү Ром руу довтлох хүннүчүүдийн дайралт эхэлсэн байна.
Бүр 286 онд Ромын эзэн хаан Диоклеционы үед эзэнт улс нь баруун болон
зүүн хэсэг болон хуваагдсан бөгөөд энх амгалан байдал болон цэрэг
зэвсгийн хамгаалалтандаа түлхүү анхаарч байв. Баруун Ромын газар нутагт
бүхий л Баруун Европ, Итали, хуучны Югослав болон Газар Дундын тэнгисийн
зах буюу Африкийн баруун хэсэг хамаарагдаж байжээ. Харин Зүүн Ромын
нутагт Балканы хагас арлууд, Бага Ази болон Газар Дундын тэнгисийн
Африкийн зүүн хэсэг хамаарагдаж байсан байна.
Нүүдэлчдийн
түрэлт өргөжин тэлэх тусам үргэлж шахам шинэ хэсэг бүлэг овог аймгууд
болон их, бага ястан, угсаатнуудыг эрхшээлдээ багтаан хүннүчүүд
хүчирхэгжиж байв. Тэрхүү цаг үед буюу 430 онд хүннүчүүд гурван
зонхилогчтой байв. Руас (Ругила) болон түүний дүү нар Мундиук,
Октар нар зонхилогчийн үүрэг гүйцэтгэж байв. Хэсэгхэн хугацааны дараа
Руас, Мундиук болон Октар нар нас барж, Мундиукын хөвгүүд болох Атилла,
Бледа нарын нэг нь Хүннүгийн хаан ширээнд залрах ёстой болжээ. Хааны
удмын гишүүд болох Мама ба Атакам нар хүртэл урьдын вангийн суудалд
суухыг эрмэлзэх болсныг Атилла мэдээд урвагчдыг загалмайлан тэлж алан
гэсгээж бусдад сургамж болгоод хаан суудалд горилогчдыг устгасан байна.
Харин
445 онд мөн түүний дүү Бледа алагдсан бөгөөд хэмжээгүй эрхт ноёрхлыг
Атилла зөвхөн ганцаар эзэмших эрхтэй болжээ. Атилла тухайн үеийнхээ
бусад удирдагчдын адил харгис догшин, ичих нүүргүй байсан хэдий боловч
их ухаалаг гэдгээрээ ялгарч байжээ. Тэрбээр уншиж, бичиж чаддаг байв.
Хаан болсныхоо дараа Зүүн Ромын эсрэг аян дайн хийхийн оронд цайздаа
суун юуны өмнө хэлэлцээр байгуулжээ. Жил бүр 700 паунд алтыг алба,
гувчуур маягаар авах болсон бөгөөд Византын зах зээл хүннүчүүдэд үүд
хаалгаа нээж байхаар болсноос гадна Атилла цор ганцаар олзолсон болон
албадан авсан алтаа бараагаар солилцох, худалдаалах эрхтэй болжээ. Дараа
нь тэрбээр өөрийн нүүдэлчин ард түмнээ нэгтгэн суурьшилтай болгох арга
хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ. Юуны өмнө, эхлээд хуучин овог аймагтаа
эмх журмыг тогтоон, харъяаныхаа бүх овгуудыг өөрийн захиргаанд нэгтгэж
авчээ. Хуучин овгийн ноёдын дунд “Дээдсийн хүрээлэнгийн хүн” гэгдэн,
тэднийг өөртөө зайлшгүй үнэнч шударгаар зүтгүүлэхийг сайтар тооцоолсны
учир тэрбээр алба, гувчуур болон олзныхоо ихээхэн хэсгийг тэдэнд
хуваарилан өгөв. Үүний үр дүнд дээдсийн хүрээлэнгийн хүн маань бүх
цэргийн удирдагч болж, хааны ордон бариулж эхэлжээ. Тэрбээр хүндтэй
суудалд заларч амь сахих цэргээр хүрээлүүлэн хотын төвд байрлах болжээ.
Атилла
хааны ордон хаана байрлаж байсан тухай тодорхой ойлголт байхгүй бөгөөд
аль нэг, хаа нэгэн газар байсан хэмээх таамаглал үлдэж хоцорсон ажээ.
Прикос хэмээх нэртэй Грек хүн 449 онд Ромын элчинтэй хамт Атиллагийн
ордонд очжээ. Тэрбээр “Византын түүх” хэмээх нэртэй найман боть ном
бичсэн бөгөөд тэрхүү номондоо хүннүчүүдийн тухай олон сонирхолтой
зүйлсийг өгүүлсэн байдаг. Тэрхүү бүтээлд өгүүлснээр: “Атиллагийн ордон
нэгэн бяцхан довцог дээр байрлаж байсан бөгөөд түүнийг тойруулан хашаа
хэрэмтэй байв. Бүх барилгаа модоор хийсэн. Мөн Атилла хаан өөрийн
хамаатан садангууд болон дээдсийн хүрээний ноёд сайдуудынхаа голд сууж
байжээ. Урт модон сандал дээр сууцгааж байв. Элчинг хүлээж авах ёслолын
энэхүү арга хэмжээнд хоол ундыг алтан сав суулганд хийсэн байсан. Тэнд
байсан бүх хүмүүсийн хувцас нь алт, мөнгө, үнэт эдлэлээр чимэглэгдсэн
байв. Атилла иймэрхүү ёслол, хүлээн авалтанд их дуртай байжээ. Харин
өөрийнх нь өмсөж байсан хувцас, аяга таваг нь ямар ч чимэглэлгүй, их
энгийн байв” гэж дурджээ.
Ром
улстай байгуулсан гэрээ хэлэлцээрт Атилла ихэд зальжин хандаж, тэдний
хоорондын сөргөлдөөнийг ашиглан дэврээж байв. Баруун, Зүүн Ромын хаад
хоёулаа Атиллагаас цэрэг зэвсгийн тусламжийг гуйж байсан байна. Баруун
болон Зүүн Ромчуудтай харилцахдаа Атилла өөр аймгуудтай харилцаа тогтоож
болохгүй хэмээн тулган шаардаж зөвшөөрүүлжээ. Тэд Атиллад асар их мөнгө
төлдөг байсан бөгөөд үүний хариуд цэргээ хөдөлгөж, тэдний хот тосгодыг
эвдлэн бусниулахгүй байх үүрэг хүлээж байсан боловч уг хэлэлцээр удаан
хугацааных биш байлаа. Хүннүчүүдийн Баруун Ромын эсрэг хийх дайнаа шинэ
тактикаар боловсруулан явуулах болжээ.
Тэд
дайны тактикаа өөрчлөн, ид тулалдааны үед зугтаж буй дүр эсгэн холдоод
буцаж маш хурдан довтолж дайснаа бут ниргэж байлаа. Энэ тулалдаанд
хүннүчүүд мориндоо дөрөөг анх удаа хэрэглэн огцом хурдан байрлалаа
өөрчлөн дайснаа эцээж сульдааж цохиж байжээ. Ийнхүү төмөр дөрөөний
тусламжтайгаар дайснуудаа хялбар дарж байснаас гадна Атиллагийн армийн
гол зэвсэг нь хол тусдаг нум сум байв. Дайсантай тулгарахдаа олон хэсэг
болон бутарч, ахин дайрч тал бүрээс нь амсхийлт өгөлгүй харваж
самгардуулдаг байжээ. Хүннүчүүдийн нум сум нь европчуудынхаас хол тусдаг
байв. Хэдийгээр Атиллагийн тактик гайхалтай байсан хэдий ч эзлэн авсан
Орлиондоо байрласангүй хотыг орхин явжээ. Баруун Ромын жанжин Аетиус
451 онд Каталаны талд Атиллагийн цэрэгтэй одоогийн
“Chalohs-sur-Marn”-ийн дэргэд шийдвэрлэх тулалдаан хийжээ. Түүхийн олон
ном зохиолуудад энэхүү тулалдаанд ромчууд хүннүчүүдийн эсрэг байлдаагүй
бөгөөд яг үнэндээ бол франкууд доод бүс нутгийн франкуудтай, гелиденчүүд
бургундучуудын эсрэг, зүүн готууд баруун готуудын эсрэг байлдсан гэж
өгүүлдэг билээ.
Атилла
хаан хуримынхаа шөнө буюу сүүлийн эхнэрээ (Герман бүсгүй Хилдико
буюу Hildchen) богтолсныхоо дараахан ихээхэн цус алдан 453 онд нас
баржээ. Түүхийн туршид гайхуулж явсан цэргийн аугаа их жанжин тулалдааны
талбарт бус харин хуримынхаа шөнө, орон дотроо ийнхүү нас нөгцжээ.
Түүнийг ихээхэн нүсэр тансаг байдлаар оршуулсан боловч түүний шарил нь
одоо хүртэл олдоогүй байна. Хүннүгийн эзэнт улс нь Атиллаг тэнгэрт
хальсны дараахан буюу ердөө аравхан жилийн дараа бутран унасан байна.
Европт гэнэт гарч ирсэн шигээ хурдацтайгаар Хүннүгийн эзэнт улс нуран
унасан нь энэ юм. Хаан ширээний төлөөх тэмцэл, түүний хөвгүүдийн ухвар
мөчид бодлогын үр дүнд тухайн үедээ мандаж, хөрш зэргэлдээх орнуудаа
чичрүүлж байсан эзэнт улс нь эзэн хаантайгаа хамт ийнхүү түүхийн
тавцангаас арчигдсан байна. Гэвч ямар ч ул мөргүй алга болоогүй юм. Ард
түмнүүдийн нүүдэл IV-V зууны үед дэлхийг хамарч олон ястан, үндэстнүүд
нүүдэллэсэн бөгөөд тэдний дундаас түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн нь
хүннүчүүд байжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.