1190
онд Хамаг Монгол аймаг цэрэглэж Алтан улстай хүч хавсран Татаар аймгийг цохиход
тэдний хүрээ буудлаас гээгдэн үлдсэн нэгэн хөвүүнийг олж, Өэлүн эхэд өргүүлдэг.
Тэр өнчин хөвүүн алтан ургийнхны хүрээлэлд өсөж бойжин Тэмүжиний “дээлтэй
төрсөн дүү” хэмээгдэж хожим Чингис хааны зөвлөх сайдуудын нэг болж түмэн олонд
“Татаарын Шихихутаг” “Төрийн заргач Шихихутаг” хэмээн алдаршжээ. Энэ цаг үед Чингис
хааны үйл хэргийг эсэргүүцэгч овог аймгуудын тэмцэл хүчтэй өрнөж, Монголын
нэгдсэн улс байгуулахыг эсэргүүцэж байсан амь нас дэнсэлсэн хүнд мөчүүд байв.
Түүний гол дайсан Татаар аймаг Халхгол орчимд нутаглаж байсан учир Халхголын
орчим нь Монголын нэгдсэн улс байгуулах үйл хэргийг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй
цэг болж байсан юм.
Шихихутагийн
тухай МНТ-нд өгүүлснээр, 1196 онд Алтан улс 30 мянган цэрэг ирүүлж Татаартай
байлдав. Татаар аймгийн тэргүүн Мэгүжин сүүлт нь Алтан улстай тохиролцсон
гэрээгээ биелүүлээгүй учраас тийнхүү байлджээ. Алтан улсын цэрэг Мэгүжин
сүүлтийг нэхэн хөөж Улз гол хэмээх газар ирсэн байж. Энэ тухай мэдээг Чингис
хаан сонсоод, Хэрэйдийн Тоорил ханд элч илгээж, “Татаарууд бол манай өвөг
эцгийг алсан өштөн дайсан болох юм. Одоо Татаарын Мэгүжин сүүлт, Алтан улсын цэрэгт
дийлэгдэн баруун тийш дутааж Улз гол өөд ирж байна гэнэ. Бид өшөө авах цаг
болов. Тоорил хан эцэг цэрэг гарган тусална уу” гэж хэлүүлжээ. Үүнийг Тоорил
хан зөвшөөрч өөрийн цэргийг удирдан гурван хоногийн дараа хүрч иржээ. Энэ үед
Татаарын Мэгүжин сүүлт Улз голын “Нарату шитүэн, Хусту шитүэн” гэдэг газар
хороо бэхлэлт байгуулан хоригложээ. Чингис хаан, Тоорил хан нар Татаарын
бэхлэлтийг эвдэн орж Мэгүжин сүүлтийг барьж авч тэнд нь алсан байна. Тэрхүү
“Нарату шитүэн” хэмээх газраас анх Шихихутаг хүүг олсон гэдэг. Тэмүжин Монголын
олон аймгийг нэгтгэх явцад Мэргидийн нутгаас олж авсан Хүч, Тайчуудын Бэсүд
овогтны нутгаас олж авсан Борохул нарын хөвгүүнийг Өэлүн эхэд өгч өсгүүлэн хөлийг
нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэснээр тэд цөм бүх монгол овогтныг нэгтгэх
агуу үйл хэрэгт Тэмүжиний үнэнч өрлөг баатар жанжид, мэргэн сайд нар нь болсон
юм.
Монголын
нууц товчооны 135-р зүйлд: “Татаарын хоргодож байсан Улз голын Нарату шитүэний
нутаг дээр нэгэн өчүүхэн хүүхэд орхигдсоныг бидний цэргүүд олзолжээ. Үзвэл
дөртэй алтан ээмэг зүүсэн ба булгаар доторлосон торгон элгэвч хантааз өмссөн
байв. Тэр хүүхдийг Чингис хаан авчирч Өүлэн эхэд өгөв. Өүлэн эх өгүүлрүүн:
“Сайн хүний хөвгүүн биз, язгуур сайт хүний ураг биз, таван хөвгүүний дараах зургадугаар
хөвүүн болгоё” гээд Шихихутаг гэдэг нэр өгч асрав” гэжээ.
Улз
гол нь Халхын язгуур нутаг бөгөөд Сэцэнхан аймгийн баруун гарын зүүн хошууны
газар гэж 1920-иод оны Хятадын зурагт тэмдэглэжээ. “Хусуту шитүэн, Нарату шитүэн”
гэж “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл”-д дурджээ. Чингис хаан их хуралдай
дээр есөн өрлөгүүд тэргүүлэн хүчээ өргөгсөд, түүний дотор Шигихутагт “чи миний зургадугаар дүү биш үү, өргөмөл дүү
чамд өөрийн дүү нарын адилаар өмч хувийг олгоё. Бас чиний ач тусын хариуд есөн
удаагийн алдал ослыг хэлтрүүлье” гэж зарлиг буулгасан бөгөөд “Мөнх тэнгэрийн
ивээлээр гүр улсыг зүглүүлж бүхийд чи үзэх нүдэн, сонсох чих болж яв. Чиний
тушаасан үгийг хэн ч өөрчилж үл болно, гүр улсын доторх хулгайг цээрлүүлж,
хуулийг мохоож, ухуулах ёстойг ухуулж, яллах ёстойг яллаж бай. Шийтгэсэн
хэргийг хөх дэвтэрт бичиж дэвтэрлэгтүн” хэмээн зарлиглажээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.