Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн
нэг, Ардын уран зохиолч, Төрийн 3 удаагийн шагналт, ШУА-ын жинхэнэ гишүүн,
эрдэмтэн зохиолч, орчуулагч Цэндийн Дамдинсүрэн 1908 онд Сэцэн хан аймгийн
Матад уулын хошуу одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт төржээ. Эцэг
Цэндээр бичиг үсэг заалгаж, 1923 онд хошуу тамгын газарт бичээч хийж байгаад Матад
хошууны Намын үүрт элссэнээр хойчийн ажил үйлсийнхээ эх суурийг тавьжээ. 1926
оноос Хан Хэнтий уулын аймгийн МАХН-ын хороо, МХЗЭ-ийн Төв хороонд ажиллаж
байгаад 1927 – 1929 онд “Үнэн” сонины эрхлэгч, 1929 онд МҮЭ-ийн Төв зөвлөлийн
даргаар очжээ. Тэрбээр Улаанбаатар хотын 21 пүүсийн 240 гаруй ажилчид хятад
данжаад нарыг эсэргүүцэн ажил хаясныг удирдан зохион байгуулж амжилтанд
хүргэжээ. Феодалын хөрөнгө хураах комиссын Нарийн бичгийн даргын ажилд
тохоогдож 1930 оны үед ажлаасаа халагдан Говь-Алтай аймагт хамтралын сургагчаар
томилогджээ. 1933 – 1938 онд Ленинградын Дорно дахины их сургуульд суралцаж,
төгсөж ирэнгүүтээ Дотоод яаманд
баригдан, жил гаруй хоригдсоны эцэст хэрэг нь цагаатгагдаж суллагджээ. 1942 –
1946 онуудад 2 дахь удаагаа “Үнэн” сонины эрхлэгч, Шинжлэх ухааны хүрээлэнгийн
дарга, Монголын зохиолчдын хорооны дарга, улмаар Хэл зохиолын хүрээлэнгийн
захирал, эрдэм шинжилгээний ажилтан байлаа. 1950 онд Ленинградын Дорно дахины
их сургуулийн аспирантурыг дүүргэжээ. 1982 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд
Төвд судлалын тасгийг бий болгож эрхлэгчээр нь ажиллаж байв.
Уран бүтээлийн хувьд, 1928 онд “Өчүүхэн дөрвөн
үлгэр” өгүүллэгээр зохиол бичих гараагаа эхэлж, 1929 онд уран зохиолын анхны
бүлгэм байгуулагдахад оролцож “Гологдсон хүүхэн” зохиолоо туурвисан. Зохиолч
“Буурал ээж минь”, “Зугаацахаар мордсон нь”, “Наалинхай хоёр нүд”, “Усан
дагина” зэрэг яруу найргийн бүтээл, “Солийг сольсон нь”, “Хоёр цагаан юм”,
“Багш шавь хоёр”, “Хэлдэг гурав, хийдэг ганц”, “Хачин хурим”, “Чөтгөр”,
“Чемодантай юм” зэрэг өгүүллэг бичжээ. Түүний зохиолууд нь 1944 онд “Түүвэр
зохиол”, 1956 онд “Түүвэр зохиол” 1958 онд “Избранное”, 1966 онд “Хачин хурим”,
1969 онд “Түүвэр зохиол” нэртэйгээр удаа дараа хэвлэгдэж уншигчдын хүртээл
болсон байна.
Түүний орчуулсан А.С.Пушкины “Алтан загасны
үлгэр”, С.Маршакийн “Муурын байшин” зэрэг олон арван хүүхдийн сонгодог зохиол
олон уншигчдын балчир багаасаа мэддэг бүтээл болсон. Ц.Дамдинсүрэнгийн
туурвисан эрдэм шинжилгээний ажлаас “Гэсэрийн туужийн түүхэн үндэс”, “Монголын
уран зохиолын дээж зуун билиг оршвой”, “Монголын уран зохиолын тойм”, “Рамаяна
Монголд дэлгэрсэн нь” зэрэг судалгааны номнууд дэлхийн үе үеийн монгол судлаач
эрдэмтэдийн ашигладаг тулгуур бүтээл болсон байна.
Ц.Дамдинсүрэнгийн зохиол “Маршал Чойбалсангийн 50
насны ойд зориулсан ерөөл”, “Монголын нууц товчоо”-г орчин цагийн кирилл бичигт
хөрвүүлсэн бүтээл, “БНМАУ-ын Төрийн дуулал” зохиосон гавъяаг нь үнэлж 1945,
1947, 1950 онд Төрийн шагналыг 3 удаа олгожээ. Ардын их хурлын Тэргүүлэгчдийн
1986 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн зарлигаар Монголын шинэ үеийн уран
зохиолыг хөгжүүлэх үйл хэрэгт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллан их
хувь нэмэр оруулсныг үнэлэн эрдэмтэн зохиолчид БНМАУ-ын “Ардын уран зохиолч”
цолыг анх хүртээжээ. 1950 онд “Гэсэрийн туужийн түүхэн үндэс” сэдвээр Хэл
бичгийн ухааны дэд эрдэмтэн, 1957 онд профессор цол, 1961 онд ШУА-ын жинхэнэ
гишүүн, 1961 онд Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 1998 онд Монгол
улсын Засгийн газраас Цэндийн Даминсүрэнгийн нэрэмжит шагналыг буй болгож, утга
зохиол судлаач, доктор, профессор Л.К.Герасимович нарт анхлан олгожээ.
Эрдэмтэн зохиолч маань 1942 онд Ш.Лувсанвандантай
хамтран 30 мянган үгтэй “Орос-Монгол толь”, 1967 – 1969 онд А.Лувсандэндэвтэй
хамтран 50 мянган үгтэй “Орос – Монгол толь II”, 1979 – 1981 онд Гумбольдтын
нэрэмжит их сургуулийн урилгаар Берлин хотод очиж, Ханс Детер Фитце, Гэндэнгийн
Лувсан, Габриелэ Наги нартай хамт “Герман - Монгол толь” зохиолцжээ.
1969 онд зохиосон “Орос – Монгол толь бичиг”-т он
тооллын хүснэгт хавсаргасны төлөө Төв хорооноос буруутгагдан шүүхийн тогтоолоор
5600 төгрөг төлөх болжээ. Мөн Хэл зохиолын хүрээлэнд төвд хэл бичиг сайн мэддэг
хүнийг ажилд авсны төлөө Төв хорооноос буруутгагдан шалгагдаж улмаар
донгодуулан ажлаасаа халагджээ. Энэ мэт зэмлэл, буруутгал их зохиолчийн
амьдралд олон байсан бөгөөд тэрбээр 5 удаа ажлаасаа халагдсан байдаг. Эртний
Монголын уран зохиолыг судалж, энэ чиглэлд нэлээд судалгааны бүтээл гарган ном
зохиол хэвлүүлсэн түүнийг “үндсэрхэг үзэлтэн” хэмээн олонтаа хавчин гадуурхаж
байв. Тэрбээр өгүүлэл, найруулал, нийтлэл, тэмдэглэл, шог өгүүллэг зэрэг
сэтгүүлзүйн бараг бүх төрлүүдээр уран бүтээлээ туурвисан байдаг. Ц.Дамдинсүрэн
улс төрийн шахалтаар шоронд орж, цаазаар авах ял тулгуулж байсан учраас
уйгаржин монгол бичгийг шинэ кирилл бичигт хөрвүүлэх ажилд гар бие оролцжээ.
Хожим тэрбээр уйгаржин монгол бичгээс татгалзсан нь түүний амьдралдаа хийсэн
том алдаа байсан хэмээн дурссан байна. Цэндийн Дамдинсүрэн 1986 оны 6 дугаар
сарын 5-нд 78 насандаа таалал төгсчээ. Гэр бүлийн хувьд 1936 онд Ленинградад
суралцаж байхдаа эхнэр Л.В.Зевинатай танилцан айл гэр болж 4 хүү, нэг охинтой
болсон бөгөөд хөвгүүд нь физикийн нарийн мэргэжил эзэмшиж, ганц охин Дулмаа нь
аавынхаа мэргэжлийг өвлөжээ. Эдүгээ хүүхдүүд нь ОХУ-д амьдарцгаадаг. 1998 онд
эрдэмтэн зохиолчийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан түүний уран бүтээлүүдийг
нэгтгэж бүрэн эхээр нь 3 боть хэвлүүлэн гаргажээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.