БЯМБЫН РИНЧЕН

Соён гийгүүлэгч, их эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч, угсаатны зүй судлаач Еншөөбү овогт Бямбын Ринчен 1905 оны 11-р сарын 21-нд одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Булсарай хэмээх газар Б.Раднаажавын ууган хүү болон мэндэлжээ. Эцэг нь нэртэй сэхээтэн, хэд хэдэн гадаад хэл мэддэг нэгэн байв. Ринчендорж хэмээдэг байсан ба нэрээ хугаслаж, өвөөгийнхөө нэрээр овоглох шалтгаан байсан гэдэг.

Ринчен 7 настайдаа Билигсайхан хэмээх хүнд шавь орж монгол манж хэл бичиг заалган сурчээ. Орос улсын Хязгаарын комиссын яамны монгол манж хэлний орчуулагч Каленов гэгч хүнээр орос бичгийн хэл заалгаж 1914 онд Дээд Шивээний дунд сургуулийн бэлтгэл ангид тэнцэж, 1917 онд Зөвлөлтийн II шатны сургуулийг төгсгөжээ. Б.Ринчен 1924 онд Зөвлөлт улсын Ленинград хотын Дорно дахины хэлний хүрээлэнд суралцаж, 1925 онд Зөвлөлтийн ШУА-ийн Азийн музей, Ленинградын их сургуулийн авиазүйн лаборатарид монголч эрдэмтэн Владиморцов, энэтхэг судлаач Олденбург, төвдөч эрдэмтэн Шербатской, Дорно дахины түүхч Бартольд, түрэг хэлний профессор Юдахин, эрдэмтэн Шерба, хэл түүхийн эрдэмтэн Марр, монголч эрдэмтэн Козин, нангиадач эрдэмтэн Алексеев нарын удирдлагад суралцан тус тус төгсчээ. 1927 оноос Гэгээрүүлэх яамны харъяа Судар бичгийн хүрээлэнд ажиллаж, 1937 онд хилс хэргийн улмаас баривчлагдан шоронд сууж 1942 оны 4 дүгээр сард суллагдсан. МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр “Үнэн” сонины газарт заагдан 16 жил ажиллажээ. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээр БНУАУ-д Хэл бичгийн ухааны доктор цол хамгаалж, 1958 онд Шинжлэх ухааны хүрээлэнд (ШУА) шилжин ажиллаж, 1961 онд “Монгол бичгийн хэлний зүй” бүтээлээрээ ШУА-ын академич цол хүртэж, 1970 онд Унгарын ШУА-ын жинхэнэ гишүүн болж, 1971 онд профессор цол хүртжээ. Б.Ринчен монгол хэл бичиг, ардын билиг зүй, угсаатны зүй судлаачаас гадна орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлээр чөлөөтэй ярьж бичдэг байв.

Хувьсгалын эсэргүү, японы тагнуул, феодалын нийгмийг магтагч, үндэсний үзэлтэн, социалист монголын хөгжлийг үгүйсгэгч, Монгол Оросын найрамдлыг хялайн үзэгч гэх мэт нэр зүүж, улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртөн 1937 онд шоронд хоригдож цаазаар авхуулах ял сонссон ч орос хэлийг сайтар эзэмшсэн байсны ачаар цаазын ял нь 10 жилийн хорих ялаар өөрчлөгджээ. Толгойдоо хатуу зүйлээр цохиулсан цоорхойтой, бугуйндаа төмөр утсаар үрүүлсэн сорвитой 1942 онд суллагджээ. Угсаа гарал, ах дүү, хамаатан саднаараа гүтгүүлсээр насан эцэслэх хүртэл Чехийн Ян Хүс-ийн хэлсэн “үхсэн ч үнэнчээр явсаар үх” гэдэг үгийг үргэлж санаж явдаг байсан гэдэг. “Манагар өглөө үхэх байсан ч өрсөж юмыг сурахыг хичээ” хэмээн шавь нартаа сургаж байснаас гадна өөрөө ч тууштай баримталсан. Шоронд хоригдож байхдаа ялгадас асгаж яваад шатаах номын дотроос франц хэлний сурах бичиг олж өвөртлөөд тус хэлийг шоронд байхдаа гаргууд эзэмшжээ. Насныхаа эцэст бие нь чилээрхүү байсан ч хятад хэлийг үзсээр л байсан гэдэг.

Б.Ринчен 1945 оноос алдарт зохиолуудаа эхлүүлж “Цогт тайж” кино,  “Үүрийн туяа” гурамсан роман, “Заан залуудай” роман, “Бэрцэцэг”, “Гүнж”, “Сандо амбан”, “Их нүүдэл”, “Нууцыг задруулсан захиа”, “Шүхэрч Буниа”, “Ану хатан” зэрэг олон сонирхолтой зохиол бичиж үлдээжээ. М.Горький, А.Пушкин, А.Чехов, Л.Толстой, Н.Островский, В.Маяковский, М.Шолохов, Д.Фурманов, Ги де Мопассан, Назым Хикмет гэх мэт дэлхийн 20 гаруй орны 70 орчим зохиолчийн 240 эргэм зохиол роман, тууж, өгүүллэг, яруу найраг, шүлгийг монгол хэлнээ орчуулсан байна.

Б.Ринчен өөрийн бүтээсэн хөдөлмөр зүтгэлийнхээ ачаар төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны одон, МЗЭ-ийн шагнал, Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг хүртсэн. Төрийн шагнал дагаж ирсэн мөнгөн шагналаа дэлхийн II дайны үед өнчирч хоцорсон Ленинградын хүүхдүүдэд хандивласан бол Зөвлөлтийн зохиолчидтой хамтран гаргасан “Детская литература” сэтгүүлийн шагналаа Америк – Вьетнамын дайнд өнчирсөн хүүхдүүдэд зориулсан байдаг.

Цагийг дэмий өнгөрөөдөггүй, нөр хичээнгүй, олон сэдэвт ажлуудыг хэд хэдэн бичгийн машин дээр зэрэг сөөлжүүлэн хийдэг байсан нь оюун ухааных нь алжаалыг тайлдаг байсан гэдэг. Гэрт нь бичгийн машин гурав байх агаад нэгд нь орчуулга, нөгөөд нь судалгаа, гурав дахь машинаар уран зохиолоо ээлжлэн тойрч бичдэг арга барилтай байжээ. Орчуулга хийхдээ ноорог хийж цаас үрэхгүй өөрийн эзэмшсэн гадаад хэл дээр шууд л бичдэг, өдөрт төлөвлөсөн ажлаа заавал дуусгаж байж санаа нь амардаг. Цээжинд нь олон хэлний толь бичиг нэвт бэлэн байдаг болохоор илүү дутуу юм авч явдаггүй байсан гэдэг.

Бичгийн их хүмүүн Б.Ринчен 1977 онд таалал төгссөн бөгөөд 2005 онд түүний мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан дурсгалын хөшөөг нь Улсын төв номын сангийн өмнөх талбайд босгожээ. Тэрбээр “Дөч хүрээд би сая тогтном. Тэгээд үсгийн цэцэрлэгч болж ч магад буюу. Тэгвэл сэтгэлийн гайхамшигт сайхан цэцэгсийг зүрхнийхээ улаан цусаар ургууланхан намайг хүн болгосон эх орондоо анхилам сайхан үнэрээр ачийг нь магтан хариулнам” хэмээн хэлж байжээ. Ид залуу насандаа өөртөө ийнхүү амлаж байсан тэрбээр хожмоо үл мартагдах үгсийн цэцэрлэгч болж чадсан юм. 

Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалтай
Хөгжим мэт яруу баясгалант Монгол хэл минь

Гадаадад явж байхдаа эх орноо их санагалздаг байсан учир Унгарт байхдаа хээрээс нэг аргал олоод ихэд баярлан өвөртлөөд хоноглож байсан Дунай зочид буудлынхаа үнсний саванд бага багаар асааж аргалын утаагаа баагиулан “энхэр Монгол нутгийн минь үнэр энэ тасалгаанд ханхлах мэт сайхан санагдлаа” хэмээн тэмдэглэж байжээ. Ард иргэдийн дунд Б.Ринчен гуайг “их ёж хүн” байсан гэдэг ойлголт өргөн тархсан байдаг ч уулзаж учирсан хүн болгоныг үгээр мадлаад байдаггүй, эгэл жирийн, хүүхэд хөгшид гэж ялгалгүй бүгдийг нь хүндэтгэж харьцдаг байжээ. Гагцхүү боловсрол мэдлэг сул, хэт үзэл сурталжсан, цээжээ дэлдсэн хэнээрхэлтэй, хоосон албархсан хүмүүсийг үгээр егөөдөн ичээж, өөрийнх нь чадлыг ойлгуулахыг хичээдэг байжээ. Зарим ёж үгнээс нь сонирхуулахад,

Хирэн тамга. Б.Ринчен гуай зээ хүү Ж.Адъяагаас “чи орос, хятад, монгол гурван хүн гараа хэрхэн угаадагийг мэдэх үү” гэж асуужээ. Зээ хүү нь “бодвол адилхан биз ээ” гэж гэнэ. Ринчен багш: Орос хүн хирээ сайтар савандаж угааж арчдаг. Хятад хүн норгосон алчуураар хирээ сайтар арчаад түмпэнтэй усанд алчуураа булхдаг учраас алчуур нь цэвэрхэн, гар нь буцаад жаахан хиртэй болдог. Монгол хүн хирээ норгоод алчууранд арчдаг учраас алчууран дээр нь арван хурууны “хирэн тамга” дурайсан байдаг.

Үхрийн орчуулагч. 1964 онд Булган нутгаар явж байхдаа Бүрхээр уулын өврөөр гарчээ. Зам дээр нэг гунан үхэр хэвтэж байсан бөгөөд жолооч нь хэчнээн дохио дуугаргасан ч огт ажрахгүй хивсээр хэвтэж, хялалзан харж байв гэнэ. Жолооч нь “чийчаанд дайруулбал таарах цэхийсэн муу золиг” хэмээн ундууцсанд Ринчен багш: “үхэр чамд үг хэлснийг сонссонгүй юу” хэмээтэл жолооч нь “юу гэж байна” хэмээн асуужээ. “Найз минь, би муу боловч Найрамдлын хотод хиам болно, харин чи намайг дайрвал хар гэрийн барам болно гэж байна” хэмээжээ.

Утасдахаа байсан нь. Ринчен багш эрдэм шинжилгээний ажлынхаа зэрэгцээ олон сонгодог зохиол орчуулж, зохиол бүтээл туурвиж ямагт завгүй суудаг байжээ. Эрдэмтэн багшийн гэр ба ажил руу утас цохих нь их бөгөөд “хэн бэ, хаанах вэ” гэх мэт дэл сул асуултууд алтан цагийг нь үрдэг байв. Тэгээд нэг мэргэн арга олсон нь утас хангинахаар нь авангуутаа шууд “за хүүр оршуулах газар байна” гэдэг болжээ. Цаад хүн нь “ээ бурхан минь, ээ базарваань” гээд утсаа тасалдаг байсан ба сүүлдээ ахин дахин утасдахаа больсон гэдэг. Ринчен багшийн энэ яриа дороо тархаж “утсаар зөв ярих соёл дэлгэрүүлэхэд ч сайн нөлөөлсөн” хэмээн Холбооны яамын сайд асан Гарам-Очир хэлж байсан ажээ.

Хэн эмэгтэйчүүдийн хороон дарга болох вэ. Цэдэнбал дарга Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга С.Удвалыг дуудаад “өргөдлөө бич, тэтгэвэртээ гар” гэжээ. Ийнхүү С.Удвал дарга халагдсаны дараахан “одоо хэн эмэгтэйчүүдийн хороон дарга болох вэ” гэсэн таавар олны дунд тархаж энэ талаар Ринчен багшаас асуусанд:
Эмгэн болж үсээ авдаггүйгээр нь Э.Оюуныг тавьж мэднэ.
Эхнэр авч эрээ баталдаггүйгээр нь Д.Тарвааг тавьж мэднэ.
Эмс охидыг шүлэглэн магтдагаар нь Б.Явуухуланг өргөмжилж мэднэ.
Эцсийн эцэст хэнийг тавихыгаа Бал дарга бус Ажаа мам мэднэ ... хэмээжээ.

Манай нутаг. Ринчен багш Түмэн газрын урт Цагаан хэрэм үзжээ. Гадаад дотоодын олон аянчин жуулчид байв. Ринчен багш Цагаан хэрэмний наад талд гараад ногоон ширгэн дээр нь өөдөө хараад хэвтээд өгчээ. Цуг явсан хүн нь ихэд гайхаж “та яаж байна” гэж асуусанд “энэ хэрэмнээс урагших нь эртний түүхт Хятадын нутаг, хэрэмнээс хойших нь эзэн Чингисийн удмын монгол нутаг, хүн гүрний довтолгооноос сэргийлж хөөрхий боолууд энэ хэрмийг босгосон юм. Нутагтаа ирсэн хүн чинь нуруугаа амрааж хэвтэж болно биз дээ” хэмээжээ.

Үхсэн ч өмхийрөхгүй. Б.Ринчен багш хөдөө томилолтоор явж байгаад нэгэн гуанзанд орж хоол захиалжээ. Хоол нь тамтаггүй шорвог байсан ч идэж орхив. Үйлчлэгч нь гүйж ирээд “Ринчен гуай хоол амттай байна уу” хэмээн асуувал их л ёжтойгоор “үхсэн ч өмхийрөхөөргүй боллоо” хэмээн хариулсан гэдэг.  

Эх орон, монгол нутаг, өвөг дээдсээ хүндлэх гэсэн түүний сэтгэлийн галыг хэн ч бөхөөж чадаагүй ажээ. Түүнд тэмцэж чадах хурц ухаан, илтгэх дээд авъяас чадвар байсан юм. Түүнийг үндсэрхэг үзэл гаргаж түүхэн сэдэвт зохиол хэт ихийг бичиж байна хэмээн шүүмжилж 1949 – 1959 онд уран бүтээлийнх нь талаар сонин сэтгүүлд маш их шүүмж нийтлэлүүд гардаг байсан бөгөөд тухайн үеийн зохиолч сэхээтнүүдээр бичүүлж дарамталдаг байжээ. Зохиолч Д.Сэнгээ “Далан настанд ч даруулга хэрэгтэй” хэмээх дайрал шүлэгтээ,

Баримталдаг үзлийг нь хэлбэл идеализм
Бахархдаг соёлыг нь үзвэл феодализм
Багтайгаа байхыг нь харвал социализм
Баримталдаг хэлийг нь ажвал архаизм ... хэмээжээ.

Гэвч их эрдэмтэн энэ бүхнийг үл хайхран эрдэм номын ажлаа туурвисаар цаг мөч хором бүрийг ашиглаж чаддаг байв. Б.Ринчен хожим 1965 оны 1-р сарын 8-нд хариу болгон ийнхүү бичсэн байдаг.

Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ
Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ
Аяа, мунхагуудын дунд амьдрахад нас даанч урт
Аяа, мундашгүй эрдмийг сурахад нас даанч богино
Түшмэл намайг яаж үздэг хамаагүй
Түмэн намайг яаж үздэг хамаатай
Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй
Эрдэмтэн мэргэд яаж үздэг хамаатай
Ховчин намайг яаж үздэг хамаагүй
Хотол олон намайг яаж үздэг хамаатай
Бялдуучин намайг яаж үздэг хамаагүй
Билигтэн сэхээтэн яаж үздэг хамаатай.  

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0