ШАР ДАМДИНСҮРЭН БУЮУ МОНГОЛ СУДЛААЧ А.Д.СИМУКОВ

Ардчиллын удирдагч С.Зоригийн өвөө, монголчуудад “Шар Дамдинсүрэн” хэмээн алдаршсан А.Д.Симуков орчин цагийн Монголын анхны газрын зургийг зохиосон  бөгөөд “Симуковын ногоон карт” хэмээн алдаршжээ. Андрей Димитриевич Симуков 1902 оны 4-р сарын 29-нд Петрбург хотноо Дмитрий Андреевич Симуковын ууган хүү болон мэндэлжээ. Симуковын эцэг Петрбургийн ИС-ийн түүх, хэл бичгийн сургууль төгсөөд Сангийн яаманд ажиллаж байсан бол эх Наталъя Яковлена Симукова эмчийн гэр бүлээс гаралтай бөгөөд Эмэгтэйчүүдийн дээд курст багшаар ажиллаж байжээ.

Симуков багаасаа газарзүй, байгаль экологид сонирхолтой байсан ба 12-13 насандаа планшетын энгийн зураглал үйлдчихдэг, ургамлын хатаамал, шавьж цуглуулга хийх арга техникийг сурчихсан, амьдарч байгаа орчныхоо бүх шувуудыг таньж мэддэг байжээ. Холын аялалд явж судалгаа шинжилгээ хийнэ хэмээн зорьж, аян замын хатуу бэрхэд биеэ бэлдэж спортоор хичээллэн, скаутын гишүүн болжээ. Орос орон дахь ажилчны хувьсгал, иргэний дайн, өлсгөлөн, үгүйрэл хоосрол зэрэг элдэв учир шалтгаанаар ажил амьдралын зам нь өөрчлөгдөж аав нь ажилгүй болж, ээжийнхээ хуримтлуулсан багахан мөнгөөр амь зогоож байв.

1923 онд нэрт аялагч судлаач П.К.Козлов “Монгол-Түвдийн хээрийн хайгуулын анги” зохион байгуулж байгааг сонсоод тус экспедицид элсэх өргөдөл яаравчлан өгчээ. Өргөдөл гаргасан хэдэн зуун хүнээс 3-хан хүнийг сонгосны нэг нь Симуков байжээ.  Монголын тухай мэдэж, мэдэрч эхэлсэн анхны өдөр нь 1923 оны 9-р сарын 26-ны өдөр бөгөөд СССР-ын Ардын Комиссариатын газрын санхүүжилтээр П.К. Козловын удирдсан Оросын газарзүйн нийгэмлэгийн хээрийн судалгааны анги Монгол улсын хилийн дээс алхаж, Монгол нутагт хөл тавьсан ажээ. Тэр үед Симуков 21 настай ид залуухан байжээ. Судалгааныхаа дундуур 1926 оны 2-р сард Москвагийн ИС-ийн оюутан Алексеенко Миля-тай Москва-д гэр бүл болжээ. Дараа нь хээрийн судалгааны анги руугаа яаравчлан буцаж ирсний дараа Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Цэвээний Жамсран авхай хүрээлэнд ажиллахыг урьжээ. 1927 онд 24 настай Симуков Судар бичгийн хүрээлэнгийн музей, зурагзүйн тасгийн даргаар томилогдон ажиллаж, хамгийн түрүүнд Богд хааны ордонг музей болгох ажлын анхны даалгавраа биелүүлж эхэлжээ.

1927-1939 оны хооронд А.Д.Симуков хээрийн шинжилгээний 15 ангийг удирдан ажиллахдаа Монголын нутгаар 70 мянган км замыг туулжээ. Хангай, говийн физик газарзүйн судалгааг хийж анх удаа газрын зураг дээр хэд хэдэн уул нурууг тэмдэглэж, байгалийн үндсэн бүсүүд, хэвтээ босоо шугамын хуваарилалтыг тодорхойлон, бүсийн үндсэн ургамал амьтныг цогц байдлаар илрүүлэн ургамал болоод хөхтөн амьтны тархацын газрын зургийг гаргасан байна. А.Д.Симуков анх Монголын физик-газарзүйн бүсчлэлийг санал болгожээ. Тэрбээр газарзүйн ландшафтыг улс орны эдийн засагт ашиглах арга замыг хайх ёстой гэж үзсэн бөгөөд Монгол нутгийн бэлчээрийг анх удаа эрдэм шинжилгээний үүднээс тодорхойлж, бүтэц, шим тэжээлт байдлыг газарзүйн байрлалтай уялдуулан авч үзжээ. Тэрбээр монгол хэлийг сайн сурснаас гадна тайван амгалан зантай, нийцтэй, алиа хошин зантай байсан нь нутгийн ард түмний дэмжлэгийг төвөггүй олж, улмаар найз нөхөд болцгоодог байв. Улаанбаатарт байх гэрээр нь хөдөөний найз нар нь байнга зочилж “шар Дамдинсүрэн, өндөр Дамдинсүрэн” гэх мэтээр нэрлэдэг байжээ. 1928 оны хавар төрсөн хүүдээ Алтай гэсэн нэр өгсөн бол охиндоо Говь гэдэг нэр өгье гэтэл эхнэрийнхээ саналаар ээжийнхээ дурсгалыг хүндэтгэж Наталъя нэр өгсөн гэдэг.

1934 онд “БНМАУ-ын газарзүйн атлас” бүтээлээ орос, монгол хэлээр эмхэтгэн гаргажээ. Тус атласт байгалийн шинж, засаг захиргааны байгуулал, угсаатны зүй, хүн амын нягтрал, таван хошуу малын байдал гэх мэт олон агуулгыг багтаасан нь Монгол судлалын түүхэнд энэ төрлийн анхны бүтээл болсон ажээ. Мөн “БНМАУ-ын газарзүйн найруулал” эмхэтгэн гаргаж түүнийгээ сурах бичиг болгон монголоор орчуулан гаргажээ.

1935 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор БНМАУ-ын Засгийн газраас “Алтан гадас” одонгоор шагнасан байдаг.  Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн урдуур 5 жил морь тэмээ унаж, хилийн овоо босгож, шон тэмдэг тавьж газрын зураг дээр өнгө өнгөөр тэмдэглэж явахдаа наранд халж, хүйтэнд хөрч, шуурганд нүдүүлж байж Монголын хилийг шинэчлэн зураглаж өгсөн гавъяаных нь төлөө “Алтан гадас”одонг Маршал Чойбалсан энгэрт нь зүүж өгсөн ажээ.

1939 оны 9-р сарын 19-нд 37 настай А.Д.Симуковыг СССР-ын Дотоод хэргийн ардын комиссариатын газраас Улаанбаатарт дайчлан баривчилж, ЗСБНХАУ-ын Эрүүгийн хуулийн 58.1-ийн а буюу “гадаадын тагнуулын байгууллагад элссэн” гэх шалтгаанаар хорьсон боловч хэргээ хүлээгээгүй, гэм бурууг нь шууд нотлох зүйл олдоогүй ажээ. 1940 оны 4-р сарын 22-нд УБ-аас тусгайлан харгалзуулж Улаан-Үд хотын харъяа Сибирийн хорих лагерь-т хорьж, 1941 онд Новосибирск, Архангельск-аар дамжуулан Печорын хорих лагерьт хүргүүлжээ. Тэрбээр 1942 оны 4-р сарын 15-нд хоригдож байхдаа “зүрхний өвчнөөр нас барсан” хэмээн мэдэгдсэн байдаг. 1956 онд “хэргийг бүрэлдэхүүнгүй” хэмээн үзэж А.Д.Симуковыг бүрэн цагаатгасан байна.

“Симуковын ногоон карт” хэмээх монголын анхны газрын зураг 1937 онд хэвлэгджээ. Монголын аж ахуй, Орчин цагийн Монгол, Шинэ толь, Монголын үндэсний соёлын зам гэх мэт сэтгүүлд хэвлүүлсэн 30 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэл гарсан байдаг боловч эдгээрээс зарим нь архивт үлдээгүй үрэгдэж алга болжээ. Түүний зохиосон “БНМАУ-ын говийн газарзүйн найруулал”, “Хангайн төв нутгийн газарзүй”, “БНМАУ-ын хураангуй газарзүй II хэсэг”, “1927 онд говиор аялсан шинжилгээний ангийн өдрийн тэмдэглэл”, “Монголын газрын зурагзүй”, “Хүн ам, мал сүргийн нягтшилд газарзүйн орчин нөлөөлөх тухай тэмдэглэл”, “Аргаль” найруулал, “БНМАУ-ын сүм хийдүүд”, “БНМАУ-ын хөдөө аж ахуйн газрын зураг”, “Баруун говийн газрын зураг” зэрэг бүтээлүүд, 1936, 1937, 1938 оны хээрийн судалгааны өдрийн тэмдэглэлүүд”, “Эдийн засгийн атлас”, Газарзүйн нэр томъёо, газарзүйн нэвтэрхий тайлбар толийн хэрэглэгдэхүүн” нь огт олдоогүй байна.

Эх сурвалж: Монгол орны лавлах


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0