МӨНХ ХААН

1208 оны шар луу жил Тулуйн хатан Сорхагтани бэхигээс төржээ. Мөнхийг өлгийтэй байхад нь Тэв тэнгэр зайран Тулуйн гэрт очиж бүтэн өдөр бөөлсний эцэст “..хожмын нэгэн өдөр энэ хөвгүүн мөнх тэнгэр шиг эрхэм хүндтэй нэгэн болно. “Мөнх” гэсэн нэрийг өг” хэмээжээ. Мөнх багаасаа тоо, геометрийн ухаанд дур сонирхолтой байснаас гадна 4-5 гадаад хэл мэддэг байжээ. Мөнхийг Монгол үндэстний дотроос гарсан хамгийн анхны тоо-геометрийн эрдэмтэн гэж ном сударт бичсэн байдаг.


1251 онд Хөдөө аралд Монголын их хаан ширээнд суусны дараа албан татварын журмыг цэгцэлж 100 хүртэлх малаас татвар авахгүйгээр тогтоож, 100 толгой тутамд нэг толгой малыг татварт авах журам гаргажээ. Малын тоо толгойг арвижуулан өсгөх, говь нутгийг усжуулах, хүн ардыг суурьшуулах, малын бэлчээрийг хамгаалах, эзлэгдсэн орноос сайн үүлдрийн мал авчирч малын удмын санг сайжруулах, өсгөж үржүүлэхэд онцгой анхаарал тавьжээ. Ялангуяа, адууны тоо толгойд байнга хяналт тавьж байсан байна. Өгэдэй хааны байгуулсан өртөөг улам сайжруулан журамлаж, шашны олон урсгалыг дэмжих бодлого явуулжээ. Тэрбээр Хархорум хотод дөрвөн төрлийн ундаа гоожих мөнгөн мод сүндэрлүүлсэн нь хол ойрын зочдын анхаарлыг татдаг байжээ.


1254 оны 1 дүгээр сарын 13-нд Францын IX Ван Луй-гийн элч Вильгелм Де Рубрук Мөнх хаантай уулзжээ. Мөнх хаан өмнөх хаадын гадаад бодлогыг үргэлжлүүлж, шинэ газар орныг эзлэн авч монголын газар нутгийг улам өргөтгөжээ. Өөрийн дүү Хүлэгүг баруун зүг мордуулж, дүү Хубилайд Сүн улсыг байлдан дагуулах тушаал өгч мордуулжээ. Өөрөө 1257 онд Сүн улсын үлдсэн хэсгийг байлдан эзлэхээр олон зуун мянган хүнтэй баруун ба зүүн замын цэргийг байгуулж өөрийн хүү Тогучараар удирдуулан хөдөлгөжээ. Эл армиуд Сүн улсын 20 гаруй хот, боомтыг эзэлсэн боловч Сючуань мужийн Дали уулын боомтын ард түмний хүчтэй эсэргүүцэлтэй тулж эзлэн авч чадалгүй байсаар 1259 онтой золгожээ. Энэ үед халуун хижиг өвчин дэгдэж Мөнх хаан удалгүй эл өвчнөөр нас баржээ. Түүний шарилыг Бурхан Халдун ууланд Чингис хаан, Тулуй нарын шарилтай зэрэгцүүлэн оршуулсан гэдэг.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0