Аймгийн
төвөөс хойшоо 145 км зайд оршдог. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Говийн таван
нуурын нэг, хамгийн том, уртаашаа 45 км, өргөнөөрөө 40 км Улаан нуур энэ сумын
нутагт оршдог байсан. Хангайн нуруунаас эх авч 400 гаруй км урсан ирж Улаан
нуурыг тэжээдэг Онгийн голын эх буюу Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн аманд
явагдсан алт олборлох уурхайн уршиг, дэлхийн дулаарлын нөлөөгөөр Улаан нуур
бүрэн ширгэсэн ч уурхайн үйл ажиллагааг зогсоосноор сүүлийн 3 жилд Онгийн голын ус эргэн ирж Улаан нуурыг тэтгэж эхэлсэн. Улаан нуур нь усны шувуудын хамгийн гол
амьдрах болон дамжин өнгөрөх цэг болдог.
Мандал-Овоо сумын Баянхошууны ам нь
Өмнөговь аймгийн төвийн бүсийн хамгийн их Хайлаас мод бүхий ам юм. Эндээс анх
Монгол Улсын Засгийн газрын ордны өмнөх хайлаасыг аваачиж суулгасан гэдэг.
Сумын төвд “Ингэн тагш” нэртэй Өмнөговь аймгийн хэмжээнд хамгийн анхны ингэний
сүү цагаан идээг боловсруулж савлах үйлдвэр ажилладаг. Ингэний буцалгаа, хоормог,
аарц ааруул, зайрмагийг зориулалтын саванд савлан гаргаж уул уурхайн компаниуд,
дотоодын хэрэглэгчиддээ хүргэдэг үндэсний үйлдвэрлэгч юм.
Мандал-Овоо сум нь
Улаанбаатар, Өвөрхангай, Өмнөговь хоорондын дамжин өнгөрөх цэг болдог ч аялал
жуулчлал төдийлэн хөгжөөгүй ба жуулчны бааз гэх мэт зөөлөн дэд бүтэц шийдэгдээгүй
байгаа сум юм.