Аймгийн төв Алтай хот нь Улаанбаатараас 1001 километр зайтай. Газар нутгийн хэмжээ нь 141.4 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны тооллогын дүнгээр 53590 хүн ам, 1315500 тоо толгой мал тоологджээ. Говь-Алтай аймаг нь 1940 онд байгуулагдсан.
Говь-Алтай аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт орших бөгөөд нутгийн дундуур Монгол Алтайн нуруу баруун хойноос зүүн урагшаа чиглэлтэйгээр нэвтлэн өнгөрнө. Сутай, Бурхан Буудай, Алагхайрхан, Ажбогд, Гичгэнэ зэрэг өндөр уулууд оршино. Мөн Шарга, Бигэр, Хүйс зэрэг томоохон хотгоруудад нь чулуун нүүрс, үнэт чулуу, барилгын материал зэрэг ашигт малтмалтай. Аймгийн нутгийн хойд захаар Завхан гол урсах бөгөөд Зүйл, Сагсай зэрэг адагтаа ширгэдэг голууд бий. Мөн Ихэс, Шарга, Тонхил зэрэг нуурууд, Хөнхөр, Улаанхайрхан, Аргалант зэрэг рашаан устай. Алтайн өврөөр говийн ургамалтай, ууландаа өндөр уулын, хойд хэсгээрээ хээрийн ургамал тархжээ.
Аймгийн нутагт дэлхийд нэн ховордсон бөхөн, хулан, хавтгай болон бусад олон төрлийн амьтад амьдардаг. Говь-Алтай аймагт Хятад улс руу гарах Бургастайн хилийн боомт Алтай суманд бий.
Тус аймгийн есөн гайхамшигаар Ээж хайрхан уул, Бурхан буудай уул, Сутай хайрхан уул, Цагаан голын хадны зураг, Монгол элс, Хасагт хайрхан уул, Аж богдын нуруу, Эрээн нуур, Шаахар толгой зэрэг газрууд тодорчээ.