Түвшрүүлэх сумын нутаг нь хуучнаар Зая
бандида хутагтын шавь, Сүжигт бэйсийн хошуу юм. 1938 онд Хотонт, Цэнхэр сумдаас
тасарч хадлангийн морин станц
гэгддэг 20 гаруй морин хадуур, мөн тармуур, өвс боогчтой ирж Ар хүйтний Хүйтэн
нуурын чанх хойно “Хонх тал” гэдэг газар 10 гаруй гэр, майхан барьж суурьшсанаар
одоогийн Түвшрүүлэх сумын суурь тавигджээ. 1941 онд сумыг татан буулгаж, ардуудыг
Баян-Улаан, Булган суманд нийлүүлсэн. Үүний
дараа 1954 онд “Түвшрүүлэх сум - сангийн аж ахуй” нэртэйгээр дахин байгуулагдсан.
Газар тариалангийн үйлдвэрлэлийг
эрчимжүүлж гурил, малын тэжээлийг
дотооддоо үйлдвэрлэдэг байсан 5 том аж ахуйн нэг нь Түвшрүүлэхийн сангийн аж
ахуй байв. Тус сум социализмын үед ажил хөдөлмөрийн
бүтээмжээр шалгарч БНМАУ-ын Засгийн газраас “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн
одон”-гоор шагнагдсан түүхтэй.
Улаанбаатар хотоос 464 км, аймгийн төвөөс 45 км
зайд, далайн түвшнээс дээш 1900 метр өргөгдсөн
ойт хээрийн бүсийн үзэсгэлэнт нутагт оршино. Уул гүвээ толгод бүхий тал хээр нутаг бөгөөд нутаг дэвсгэр 1190 кв.км, үүний 14%-ийг ус, ой эзэлдэг.
Нийт 894 өрхийн 3410 хүн амтай, малын тоо толгой
108900. Нутгийн засаг захиргааны бүтцийн хувьд I, II,
III, IV гэсэн дөрвөн багтай. Сумын төв нь Таванбулаг хэмээх газар бөгөөд
аймгийн төвөөс зүүн урагш 44 км зайтай оршдог.
Хотонт, Батцэнгэл, Цэнхэр, Өгийнуур сумтай хиллэдэг.
Түвшрүүлэх сумын нутаг дэвсгэрийн
өмнөд хэсгийг Хангайн нурууны
салбар уулс, бусад хэсгийг гүвээ толгод
голуудын хөндий эзэлнэ. Байгалийн тогтоц нь уул ус, ургамал ногоо жигдэрсэн
бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой. Тариалангийн гол талбай
нь Хаалга, Хангай, Тоглох гэх мэт зүүн талаараа байдаг
бол хадлан авах гол нутаг нь Хөх сүм, Ар хүйтэн гэхчилэн баруун талдаа байдаг. Харин
малын бэлчээр сайтай нарийн өвс ургамал, ус хужир элбэгтэй тал хөндий нь баруун
ба хойд талаараа оршино. Өмнөд талаараа
хөвч модон ой бүхий Гурван хэц хайрхан, Тэлээгийн хайрхан, Их арын
Дугнал хайрхан зэрэг тайгын цэнхэр уулс
үргэлжилнэ.
Байгалийн баялаг ашигт малтмалын хувьд гянтболд,
төмрийн хүдэр, барилгын материалын түүхий эд элбэгтэй, эх газрын эрс тэс уур
амьсгалтай. Нутгийн хөрс нь уулын шар шороон хөрс, уулын хүрэн, хар хүрэн хөрс
голлоно. Хар мод, хус, бургас,
монос, улиас, хайлаас зэрэг модлог ургамал, улаалзгана, үхрийн нүд, тошлой,
аньс, мойл, самар, арц, даль бамбай,
нохойн хошуу, тарваган шийр зэрэг модлог ургамал элбэг ургадаг.