1938 оны 8-р сарын 28-нд 1000 орчим айл өрхтэй Толбо
нуурын нэрээр Капан төбед Толбо сум байгуулагджээ. 1940 онд одоогийн сумын төвд
шилжиж иржээ. Толбо сумын зүүн хэсэг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд сумд,
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Бугат, Алтай, Буянт, Дэлүүн зэрэг сумдтай
хиллэдэг. Сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 1620 км, аймгийн төвөөс 77
км, нутаг дэвсгэрийн нийт талбай 297469 га ба далайн түвшнээс дээш 2100-4000 м
өндөрт оршдог.
2007 оны байдлаар 6 баг, 948 өрх, 4200 хүн амтай, 100576
толгой малтай байв. Одоо ахлах сургууль, эмнэлэг, цэцэрлэг соёлын төв зэрэг
төсөвт байгууллага, ХААН банк, Холбооны газар, үйлчилгээний байгууллага, 17 аж
ахуйн нэгж байгууллага, 24 орчим худалдааны төв үйл ажиллагаа явуулж байна.
Сумын төвд 2008 оноос өндөр хүчдэл болон үүрэн телефоны сүлжээ ашиглалтанд орж,
хот хооронд болон дэлхийн аль ч улс оронтой харилцах боломж бүрдсэн.
Тус сумын нутагт оршдог Толбо нуур нь Баруун Монгол дахь
томоохон нууруудын нэг бөгөөд 21.2 км урт, 6.7 км өргөн, гүн нь дунджаар 12.7
м, нийт 182 км2 талбайтай. Цэнгэг устай бөгөөд Сагсай голд цутгана. Судлаачдын
тодорхойлсноор жилд 80 тн хүртэл осман (шар загас), хайрус загас олборлох
агнуурын нөөцтэй.