Монгол улсын төвд орших бөгөөд аймгийн төв нь Улаанбаатараас 630 километр зайтай оршино. Нутаг дэвсгэрийн хэмжээ 116 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны дүнгээр хүн амын тоо 76085, малын тоо толгой 1963000 бөгөөд 30100 тэмээгээр, 1213300 ямаагаар улсад тус бүр хоёрт орсон. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 20 сум, 101 багтай.
Баянхонгор аймаг нь 1941 онд байгуулагдсан. Анх Говьбөмбөгөр гэж нэрлэгдэж байгаад дараахан нь Баянхонгор болж өөрчлөгдсөн. Аймгийн төвд “Төрийн тусгаар тогтнол”-д зориулсан дурсгалын багана байдаг бөгөөд 1945 оны 10 дугаар сарын 20-нд явагдсан бүх нийтийн гарын үсэг зурах хөдөлгөөнд тус аймаг 24114 хүний гарын үсэг цуглуулж өгчээ. 1976 онд мал өсгөх, улсад тушаах мах ноос зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүний төлөвлөгөөг амжилттай биелүүлсэн учир Баянхонгор аймгийг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, 1981 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнажээ.
Хангайн нурууны өмнө талын тэгш өндөрлөг, Говь-Алтайн нурууны өмнөд хэсгийн салбар уулс, Их нуурын хотгорын дундад хэсэг, Алтайн цаад говийн нилээд нутгийг хамардаг. Нутгийн ихэнх нь далайн төвшнөөс дээш 1000-1400 метр өргөгдсөн. Хамгийн өндөр нь Их Богд уул 3957метр, хамгийн нам дор газар нь Эхийн гол 750 метр болно. Хар ус, Шар ус, Буянт, Хуримт, Сүмбэр, Заг, Байдраг, Түй, Шаргалжуут, Лиг, Цагаан гол, Баянцагаан зэрэг том, жижиг 160 гаруй гол горхитой. Бөөнцагаан, Орог, Адгийн цагаан, Дуут, Хуримт, Бөөрөг, Олгой зэрэг 30 шахам нуур бий. Шаргалжуут, Өргөөт, Тээл, Халиут, Ичээт, Хүрэн хад зэрэг халуун, хүйтэн 20 гаруй рашаантай. Эхийн гол, Шар хулстай, Цагаан бургас, Хуцын шанд, Өлзийт гол, Бурхант, Бор овооны задгай, баруун зүүн Тоорой зэрэг үзэсгэлэнт Баянбүрдүүдтэй.
Алтай, Хангайн нуруунд 1909-1958 онд зургаагаас дээш баллын газар хөдлөлт зургаан удаа гарч, 1957 онд Их богд ууланд 11 балл газар хөдөлсөн бөгөөд Орог нуур 1890-1986 онд зургаан удаа ширгэж байжээ.Алт, зэс, болор, жонш, гялтагануур, гантиг, боржин, шөрмөсөн чулуу, хар хүрэн нүүрс зэрэг ашигт малтмал, төрөл бүрийн шороон будаг, сайн чанарын шавар, шохойн чулуу гэх мэт барилгын материал, түүхий эдээр нэн баялаг.
Бүх нутгаар чулуун зэвсэг, хүрлийн үеийн зэр зэвсэг, багаж хэрэгсэл гоёл чимэглэлийн зүйлс, хадны бичээс, дүрс, сүг зураг, бичигт хөшөө, буган чулуу, хүн чулуу тархсан байдаг. Баянхонгор аймгийн долоон гайхамшигаар Цагаан агуй, Бичигт хад, Шатар чулуун хөшөө, Түрэгийн үеийн бичээс, Бүгийн цавын хоолой, Шаргалжуутын халуун рашаан, Их богд уул тодорчээ.