ДОРНОД - ЦАГААН-ОВОО СУМ

1929 онд ЗГ-ын шийдвэрээр Халх Нөмрөгийн хошуу татан буугдаж Халхголын хошууны хоёр сум болж нэгдсэний дараа энэ хоёр сумынхан 1930 онд нүүдэллэн одоогийн Сэргэлэн сумын нутаг Хөгнийн шилийн өвөрт, Бүдүүний булагт төвлөж Яргайт гэдэг шинэ сум байгуулж Улз голын хошуунд харъяалагджээ. Яргайт сум 1930 оны сүүлчээс 1933 он хүртэл оршин тогтносон. Хошуудыг татан буулгасны дараа сумдыг томсгон зохион байгуулах үед Саруул гүн, Эрдэнэ гүний хошуунд харъяалагдаж байсан хэсэг халхчууд, Тариалан сумын харъяанд байсан Шалз таван толгой, Элст бөөн, Үет цагаанаар нутаглаж байсан буриадууд нийлж Эрвээхэй Галуут сум (дарга нь М.Очир, нарийн бичгийн дарга нь Молор-Эрдэнэ) байгуулсан байна. Энэ сум 1932 онд Шар шувуут (Түмэндэлгэр) уулын зүүн суганд байдаг Хүрэн хөндий гэдэг газар төвлөрч 1935 он хүртэл оршиж байгаад сумын ард олны хүсэлтээр задарч нэг хэсэг нь Түмэндэлгэр сумын нэг баг болон шилжиж хуучин Эрдэнэ гүний хошууны нутаг байсан Дөрөө гэдэг газар нутаглах болсон байна. Нөгөө хэсэг нь 1935 оны 5-р сарын 19-ний өдөр Ардын төлөөлөгчдийн хурал хийж бие даасан сум болох асуудлыг хэлэлцэж санал хүсэлтээ аймгийн яаманд явуулжээ. Энэ хүсэлтийг үндэслэн 1935 оны 5-р сарын 27-ны тогтоолоор сум байгуулахыг зөвшөөрчээ. Ингэж Цагаан-Овоо сум (анхны дарга Ж.Тойсом, нарийн бичгийн дарга Б.Төмөр) 9 багтай, 787 өрхтэй, 2827 хүн амтай, 129782 толгой малтайгаар байгуулагдсан байна. Энэ сумын 9 багийн нэг нь халхчууд байв.


Манжийн үеийн Эрээнцавын Мөнхтолгой, Дурулгуй харуулын албанд сууж байсан 60-аад өрх, одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт, тэр үеийн Егүзэр хутагтын шавь албат болж амьдарч байсан 70 орчим буриад өрх нутгийн зонтойгоо нэгдэнэ гэж 1935 оны зун нүүдэллэн ирж сумын бүрэлдэхүүнд орсноор Цагаан-Овоо сум 10 багтай болжээ. Мөн оны намар Элст бөөн, Үет цагаанаар нутаглаж байсан 80 орчим өрх, буриадууд (тэр үед Хужиртааныхан гэгдэж байсан) нутгийн ойрыг бодож Түмэндэлгэр сумын харъяанаас гарч, Цагаан-Овоо суманд шилжин ирсэн тул 11 багтай болов.


Энэ сум ахар богино хугацаанд эрчимтэй хөгжиж ажлаараа улс, аймгийнхаа нийт сумдаас тэргүүлсэн тул 1943 оны 4-р сарын 16-нд Маршал Х.Чойбалсангийн гарын үсэг бүхий мөнгөн сүлдтэй “гэрчилгээ”-гээр шагнагджээ. 1950-аад онд нэгдэл, САА байгуулагдаж байх үед сумын хүн амын бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт орж тус сумын 9-р багийн 70-аад өрх Баян-Уул суманд, 2-р багийн 30 гаруй өрх Чулуунхороотын САА-д шилжсэний зэрэгцээ Булган сумаас 20 өрх, Хөлөнбуйр сумаас 10 гаруй өрх Цагаан-Овоо сумын нэгдэлд элссэн байна. Тус суманд нэгдэлжих хөдөлгөөн 1935-1950 оны үед эрчтэй өрнөж, эцэстээ жижиг нэгдлүүд нэгдэж “Нуга” “Галуут” гэсэн хоёр томоохон нэгдэл болсноор 1959 оны 4-р сарын 1-нд сум байгуулахад хүргэсэн байна. Ийнхүү “Нуга” нэгдэлд түшиглэсэн Цагаан-Овоо сум хэвээрээ үлдэж, “Галуут” нэгдэл нь Галуут сум болж шинээр байгуулагдсан бөгөөд Цагаан-Овоо сум ба Нуга нэгдлийн даргаар В.Цэрэндорж, Галуут сум ба Галуут нэгдлийн даргаар Д.Батхуяг нар ажиллаж байгаад 1960 оны 12-р сард хоёр сум, нэгдэл нийлж Цагаан-Овоо сум, Галуут нэгдэл (сум нэгдлийн дарга нь Д.Батхуяг) болжээ. Ингэж тус тусдаа нэртэй, нэг дор төвлөрч байсан нэгдлүүд нийлж нэг сум болж, нэг хүний удирдлагад шилжсэнээр нэгдлийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж эдийн засгийн үзүүлэлтээрээ улсын хэмжээнд тэргүүлэх байранд хүрч, сум нэгдлээ барилгажуулан, нийгмийн хөгжлийн асуудлуудыг дэс дараатай шийдвэрлэж чаджээ. Энэ амжилтаараа “Галуут” нэгдэл АИХ-ын тэргүүлэгчдийн 1969 оны 272-р зарлигаар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсан юм.


1930-аад оны дунд үеэс мал эмнэлгийн салбар (бага эмч нь Шивиръян хэмээх Ж.Дамдин), 1961 оноос мал эмнэлгийн тасаг (их эмчийг Н.Цэрэнпил) байгуулагдсан бол, 1935 оны зун Баянголд 20 гаруй хүүхэдтэй, нэг багштай “Зун цагийн бага сургууль” байгуулагдаж 1940 онд жинхэнэ бага сургууль (захирал нь О.Махиалай) болсон байна. Энэ сургууль 1967 онд 7 жилийн сургууль (захирал нь Л.Даваа), 1990 онд 10 жилийн дунд сургууль (захирал нь О.Дашням) болж өргөжжээ. 1938 онд хүн эмнэлгийн салбар (курс төгссөн эмч Ц.Жаргал), 1960-аад оноос хүний их эмчийн салбар болон хөгжсөн байна.



Сумын нийт дэвсгэр нутаг 650200 га, үүнээс бэлчээрийн газар 353215 га, хадлангийн талбай 63380 га, тариаланд тохиромжтой газар 4046 га талбай байна. Төв нь УБ хотоос 560 км, Чойбалсан хотоос 130 км зайд буй Хөөврийн нуур юм. Баруун хойд хэсгээрээ Үст (1388 м), Биндэр (1190 м), Алтач (1043 м) гэх мэт нам уулстай, нутгийн ихэнхийг Дорнод Монголын тэгш тал, урд хэсгийг Галын голын хөндий эзэлдэг. Барилгын түүхий эдийн баялагтай.


Эх газрын эрс тэс уур амьсгалтай. 1-р сарын дундаж температур -18°С, 7-р сард +20°С, жилд дунджаар 200-250 мм тунадас унадаг. Хэрлэн гол, Галуут, Хөөвөр, Гүн цэнгэлэг гэх мэт нуур тойромтой. Нугын үлдмэл, нимгэн, мараалаг хар хүрэн хөрстэй. Хойт хэсгээр үетэн, алаг өвс, өмнөд хэсгээр харгана, жижиг бутлаг, үетэн, хиаг, хялгана зонхилсон ургамалтай, хусан төгөл, зураатай. Бор гөрөөс, чоно, үнэг, хярс, мануул, тарвага гэх мэт ан амьтад, хээрийн ба усны шувуудтай. Түмэндэлгэр, Түшлэгийн овоо, Чандмань, Бадрахын овоо зэрэг тахилгат уул овоотой.



Тус сум 3500 хүн ам, засаг захиргааны 4 багтай, 135200 толгой малтай. Үүнээс тэмээ 320, адуу 15050, үхэр 12200, хонь 64100, ямаа 43600 толгой байна.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0