ДОРНОД - МАТАД СУМ

1923-1924 онд нутгийн захиргаа байгуулах ажил Матад суманд үргэлжилж хойд буюу Өлзийт өндөр уулын сум (дарга нь Б.Дамба), зүүн буюу Жавхлант уулын сум (дарга нь З.Батмөнх), өмнөд буюу Түмэндэлгэр уулын сум (дарга нь Цэвэгсүрэн тайж), баруун буюу Цог-Өндөр уулын сум (дарга нь М.Очирхуяг) байгуулагдсан. Эдгээр 4 сумаас сонгогдсон төлөөлөгчдийн анхдугаар хурал Буурт гэдэг газар хуучин Үйзэн вангийн өргөө, хошууны тамгын эсгий гэрт 1924 оны 8-р сард хуралдаж хошуугаа “Матад хан уулын хошуу” гэж нэрлэж хошууны даргаар хойд сумын харъяат ард, бичээч Т.Зэнээмэдэрийг сонгожээ. 1925-1929 онд явагдсан орон нутгийн захиргааны цомхотголоор 1929 оны 10-р сард Матад хан уулын хошууг Батмөнх (ёст бэйсийн) уулын хошуутай нэгтгэж Матад хан уулын хошуу гэж нэрлэн Цог-Өндөр, Өлзийт, Түмэндэлгэр, Хундар, Гурванбулаг гэдэг таван сумтай байгуулсан байна. 1931 онд Дорнод аймгийг шинээр байгуулахтай холбогдуулж Матад хан уулын хошууг татан буулгаж Матад (хуучин Өлзийт), Жаргалант (хуучин Цог-өндөр) сум шинээр байгуулагдаж 1956 оныг хүртэл байгаад засаг захиргааны цомтголоор Матад сумыг Ар жаргалант сумтай нэгтгэж одоогийн сумын төв Зүүнбулагт төвлөрүүлж АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар “Матад сум” гэж нэрлэсэн байна.

Дорнод аймгийн Матад сумын ИТХ

1924 онд 10 гаруй хүүхэдтэй бага сургууль байгуулагдсан бөгөөд 1948 онд дунд сургууль болж, 1993 онд Монголын төрийн шагналт ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит сургууль болсон. Эдүгээ 270 хүүхэд суралцаж байна. 1938 онд хүний бага эмчийн салбар байгуулагдаж 1960 онд их эмчийн салбар болж өргөжсөн. 1949 онд соёлын төв, 1950 онд холбооны салбар, 1960 онд хүүхдийн цэцэрлэгийн суурь тавигджээ. Тус сумын олон жижиг нэгдлүүдийг нэгтгэж “Энхтайван” нэгдэл байгуулагдаж мал аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл явуулж байгаад 1990 оны эхээр өмч хувьчлалын дагуу нэгдлийн малыг хувьд шилжүүлжээ.



Сумын дэвсгэр нутаг нь 2283133 га, үүнээс бэлчээрийн газар 2032802 га, хадлангийн талбай 84090 га байна. Төв нь УБ хотоос 720 км, Чойбалсан хотоос 150 км алслагдсан Зүүн булаг суурин. Тэгш талын гадаргатай. Дунд хэсэгтээ Баруун Зүүн Матад, Жаргалант (1050-1246 м) зэрэг уулс, бусад хэсгийг Мэнэн, Бадам-Иш, Жаран тогооны уудам тал, Лаг, Бүрдэнэ гол, Буян-Өндөр, Тавантолгой, Хөх дэрс, Цагаан тэмээтийн их говь, Алаг морьтын шил, Хонгорын шил, Буутын шил зэрэг хяр хаггүй шил, Тосон, Хөвөө, Төгөл зэрэг хужир давсны баялагтай нуур цөөрмүүд эзэлдэг. Говь талдаа таана, хөмүүл, мангир, гоньд, уул хадандаа зэрлэг сонгино элбэгтэйгээс гадна тал хээрийн бүсэндээ бэлчээрийн янз бүрийн ургамалтай. Цагаан зээр, чоно, дорго, үнэг, хярс, мануул зэрэг ан амьтантай. Энэ сумын нутгийг цагаан зээрийн эх нутаг гэж үздэг. Тиймээс ч хялганат талын эко систем, цагаан зээрийн байршлыг хамгаалах зорилгоор сумын 134582 га газрыг Дорнод Монголын дархан цаазат газар болгон Монгол улсын тусгай хамгаалтад авсан юм. Баруун зүүн Матад, Бадрах, Өлзийт Буян-Өндөр зэрэг уулыг тахидаг.



Сумын хүн ам 2596, засаг захиргааны нэгж 4 багтай, 95000 толгой малтай. Үүнээс тэмээ 400, адуу 17000, үхэр 14000, хонь 39000, ямаа 25000 толгой байна. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0