Богд хаан болон Ардын
засгийн газраас Манлай
баатар Дамдинсүрэнгийн хүсэлтийг үндэс болгон Сэцэн хан аймгийн Ачит бэйсийн
зүүн хойт хэсэг газар болон Ар таван харуулын нутгийг түүнд олгосноор Өвөрмонголын
Хөлөнбуйр аймгаас 1917 онд нүүдэллэн Монголд орж ирсэн барга ардуудын эзэмшил
нутаг болж 1923 онд Амгалан хан уулын хошуу (захирагч нь Дамдинсүрэнгийн их хүү
Долцон ван) байгуулагдсан байна.
Энэ хошуунд Хөх нүдэнгийн говь, Монгол цагаан нуур, Хөх нуур, дээд, доод
Дөрөө, Элтэрүүд, Мандал, Мандавай, Шавардай орчмын газар нутаг хамрагдаж байв.
1923 онд хийгдсэн засаг захиргааны зохион байгуулалтаар энэ хошууны харъяанд
одоогийн Баяндун сумын Яргайт гэдэг газар сум байгуулж Яргайт сум (дарга нь Л.Сэнгээ)
гэж нэрлэжээ. Энэ сумын захиргаа 1924 онд одоогийн Гурванзагал сумын нутаг
Баруун Хэрэмтэд ирж төвлөжээ. 1927 Амгалан хан уулын хошуу нь хүн ам, мал
цөөтэй учир татан буугдаж Улз голын хошуунд нийлсэн байна. 1931 онд Улз голын
хошуу татан буугдахад сумд шууд аймгийн яаманд харъяалагдах болж уг сум газар
усныхаа нэрээр Гурванзагал сум гэж нэрлэгдэх болсон. 1935
онд бага сургууль (захирал С.Дамдин) 25 хүүхэдтэйгээр анх байгуулагдаж дараа нь
1938 онд хүн эмнэлгийн сестрагийн салбар байгуулагдаж, 1942 онд бага эмчийн
салбар болж өргөжсөн. 1942 онд зарим сумдын зохион байгуулалтад тэгшитгэл хийж
Очирбаянмөнх сумын 6 багийг тус суманд шилжүүлснээр 10 багтай болж, сумын
даргаар С.Балжинням томилогдож
Даллагат цагаан хошуу зэрэг газар 1943 он хүртэл нүүдлийн байдалтай төвлөжээ.
1943-1944 онд Зөвлөлтийн цэргийн онгоцны нөөц буудал байгуулсан Давсан
далай өндрийн дэргэд төвлөсөн байна. 1945 онд эндээсээ 40
орчим үхэр тэрэгтэй нүүж яваад эхний тэрэгний арлын оосор тасарч саатсанаас
нүүдэл зогсож “газраа оллоо” гэж хэлэлцэн одоогийн төвлөж байгаа Сүмийн нуурын
зүүн дэнжид тэр үеийн намын үүрийн дарга байсан Лоожоогийн санал гаргаснаар сум
төвлөрч одоог хүрчээ.
Сумын төв анх хэдэн эсгий гэртэй байсан бөгөөд 1945- 1946 онд Дашбалбар,
Баяндун сумдаас хоёр дүнзэн байшин авчирч сумын захиргааны контор, улаан булан
барьсан байна. Мөн одоо дээрх сумдаас хуучин модон байшин сургуульдаа авчран
хичээлийн анги танхим болгож хүүхдүүд нь эсгий гэрт байрлах болсон байна.
Тус сум сургуулийн байрнаас гадна анхны хоршоо, дэлгүүр, агуулах зэрэг 6-7
барилгыг нэмж барьсан боловч хүн ам цөөн, эдийн засгийн чадамж муутай байдлыг
харгалзан АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956 оны 8-р сарын 1-ний өдрийн 104-р зарлигаар
сумыг татан буулгаж Чойбалсан сумтай нийлүүлжээ. 1950-1960-аад оны үед ардын аж
ахуйтны нэлээд нь нэгдэлд элссэн бөгөөд нэгдэлчдийн санал хүсэлт гаргасны
үндсэнд АИХ-ын тэргүүлэгчдийн 1959 оны 8-р сарын 5-ны өдрийн 129-р зарлираар
Гурванзагал сум дахин байгуулагдаж 4 бригадтай, 30 гаруй мянган малтай хуучин
орхигдсон төвийн хэдэн модон байшингаа засаж тордон “30 жил” нэгдэл байгуулжээ.
Сумын нутаг дэвсгэр нь 525158 га, үүнээс бэлчээрийн газар 380828 га,
хадлангийн талбай 18270 га, тариалангийн талбай 4759 га байна. Сумын төв нь
Чойбалсан хотоос 126 км-т Онон, Улзын хээрийн бүсийн тойрогт багтах Сүмийн
бүлэг хэмээх газар оршино. Сумын төвд монголын үндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Манлай
баатар Ж.Дамдинсүрэнгийн хөшөө байдаг.
Газар нутаг нь өмнөд хэсгээрээ толгод, тал хээрийн бүсэд хамрагдах газар
бөгөөд далайн түвшнээс дээш дунджаар 800 метрийн өндөрт оршдог. Жилийн цэлмэг
өдрийн тоо 220-250, салхины жилийн дундаж хурд 4.2 м/с байна. Нар
салхины эрчим хүчний их нөөцтэй. Сумын нутаг дэвсгэрт шивээт хялгана, хиаг, хазаар өвс, бутуул, таана,
мангир, гоньд, эмийн багваахай, сөд, чихэр өвс, таван салаа зэрэг өвслөг
ургамал шигүү ургана. Нутгийн хойт хэсгээр монгол дагуурын дархан газрын үргэлжлэл
Улз голын урд талын сав газар, урд талаараа Яхийн байгалийн тусгай хамгаалалтын
газар гуравны булаг, Их булаг, Мэлхийн булаг, Жаргалант, Ац булаг, Сайхан
булаг, Баруун зүүн Ямаат зэрэг 20 гаруй булаг горхи бий. Мөн Холбоо, Бортгойт,
Гурван, Өлзийт, Дэлгэр, Баруун, зүүн Үхэрт Сүмийн нуур, Баян-Эрхтийн нуур зэрэг
том, жижиг 50 шахам нуур, тойром, Цагаан Чулуут, Жаргалант, Ямаат, Дэлгэрмөнх,
Урт, Баян-Эрхтийн зэрэг уул овоотойгоос Их бага Загал, Баян-Эрхт, Дун уулын
овоог тахиж шүтдэг. Хамгийн өргөн тархсан агнуурын ач холбогдолтой амьтан нь
тарвага, чоно, цагаан зээр, үнэг, хярс юм.
Хүн амын цөөн хувь нь барга ястан.
Суманд хүн, мал эмнэлгийн салбар, цэцэрлэг, ЕБС, соёлын төв, “Хас ван”, “Ану”, “Цэц”,
“Төгс билгүүн” Хоршоо зэрэг төрийн ба ТББ, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа
явуулж байна. Сумын хүн ам 1400, засаг захиргааны нэгж 3 багтай. 86228 толгой малтай, үүнээс
тэмээ 240, адуу 11000, үхэр 7100, хонь 41000, ямаа 28000 толгой байна.