11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ДОРНОД - БУЛГАН СУМ

1923 онд Хан Хэнтий аймгийн Баянтүмэн хан уулын хошууны үед шинэчлэгдэж байгуулагдсан Булган сум 3 баг, 7 хорин, 15 арвантай, 150 өрхтэйгөөр байгуулагдаж сумын анхны даргаар В.Дансран, нарийн бичгийн даргаар Б.Алтангэрэл нар сонгогдон ажиллажээ. Хан Хэнтий аймгаас 1931 онд Дорнод аймаг салж байгуулагдах үед сумын даргаар 27 настай малчин эмэгтэй Б.Ойдов, 1932 оноос С.Баяр (аймгийн дарга болсон), дараа нь Д.Намсрай (Тээврийн Яамны анхны сайд болсон) нар сонгогдон ажиллаж байв.


Тус суманд 1937 онд мал эмнэлгийн салбар (эмч нь Д.Чүлтэм), 1938 онд бага сургууль (захирал нь Н.Балжинням), хүн эмнэлгийн салбар (эрхлэгч нь санитар С.Дугарсүрэн) тус тус байгуулагдаж, хүн эмнэлгийн салбарт 1939 онд анхны хүний бага эмчээр Д.Пунцагдаржаа томилогдон ирж ажиллажээ. Сум байгуулагдсанаас хойших хугацаанд морин өртөө, өвсний морин станц, сүү тосны завод, худалдааны байгууллага, хэсгийн шүүх байгуулагдсан байна. 1946 онд Булган сум (дарга М.Балгансүрэнгийн үед) Өвөр-Урт гэдэг газар төвлөж байв. Тус суманд 1956 онд “Жавхлант” нэгдэл (дарга нь Д.Жүгдэр) 1731 малтайгаар байгуулагдаж байсан бол дараа нь мөн онд “Туг”, “Баянбулган” нэгдлүүд байгуулагдаж 1958 оны 12-р сард дээрх нэгдлүүд нэгдэж “Туг” нэгдэл болж 1200 орчим гишүүнтэй, 24800 малтай болжээ. 1950-иад оны сүүлээр сумын төв Өндөр хошуунд суурьшиж, энэ үед сум нэгдлийн даргыг нэг хүн хавсран гүйцэтгэх болсон учир сумын дарга байсан Н.Гонгор, нэгдлийн дарга байсан Д.Жүгдэр нар өөрчлөгдөж, сум нэгдлийн даргаар Ц.Дорж сонгогдон ажиллажээ. 1961 онд Жаргалант сумын “Хөгжлийн зам” нэгдлийн Хайдавгэлэг тэргүүтэй 23 өрхийн 42 хүн шилжин ирж “Туг” нэгдэлд элссэн байна. Мөн онд тус суманд малын их эмчийн салбар, харилцаа холбоо, клуб зэрэг улсын байгууллагууд байгуулагдсаны зэрэгцээ нэгдлийн нийгэм аж ахуйн чиглэлийн үйлчилгээний газрууд бий болжээ. Тус суманд 1975 онд 25 ажилтантай ахуй үйлчилгээний төв, 75 хүүхдийн дотуур байр, 1976 онд 50 хүүхдийн цэцэрлэг, 1978 онд уурын халаагууртай зуух ажиллах болсон байна.


1990 онд “Туг” нэгдлийн мал, хөрөнгийг хувьчилах ажил явагдаж 1991 он болоход “Дорнод туг”, “Хишиг-агро”, “Сан бэйс”, “Өвөр-Урт” зэрэг аж ахуйн нэгжүүд байгуулагдаж, нэгдлийн малыг гишүүн байсан хүмүүст тараан өгчээ.



Сумын нутаг дэвсгэр нь 711111 га, үүнээс бэлчээрийн газар 667336 га, хадлангийн талбай 33013 га, тариалангийн газар 3339 га байна. Төв нь УБ хотоос 590 км, Чойбалсан хотоос 60 км зайтай орших Өндөр хошуу суурин. Чойбалсан хотын Эрчим хүчний системээс цахилгаанаар хангагдсан. Тэгш талархаг гадаргатай, зүүн өмнөд хэсэгтэй гүвээ толгодтой, хойт ба зүүн хэсэг нь тэгш тал. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. 1 сарын дундаж температур -21°-24°С, 7 сард +22°-26°С, жилд дунджаар 160-210 мм тунадас унадаг.

Булган Улсын тэргүүний сумаар шалгарлаа


Нутгийн хойт хил дагуу Хэрлэн гол урсан өнгөрдөг. Олон жижиг нуур, тойромтой. Бэлчээрийн алаг өвс, ботуул, харгана бүхий жижиг бутлаг үетэн хиаг, хялгана голлосон талын ургамалтай. Цагаан зээр, чоно, үнэг, хярс, тарвага гэх мэт хээр талын ан амьтантай. Хээрийн болон усны шувуу элбэгтэй. Булган, Туг зэрэг тахилгатай уул овоотой.


Сумын хүн ам 1700, засаг захиргааны нэгж 3 багт харъяалагддаг. Нийт мал 86300 толгой, үүнээс тэмээ 320, адуу 13100, үхэр 8000, хонь 39000, ямаа 26200 толгой байна.

ТОО
0
0
0