БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ

Аймгийн төв Өлгий хот бөгөөд Улаанбаатар хотоос 1636 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 45.8 мянган хавтгай дөрвөлжин километр.  Хүн амын тоо 88056. Малын тоо толгой 2010 оны дүнгээр 1126900. Тус аймаг нь 1940 онд байгуулагдсан. Хүн амын ихэнх нь казакууд бөгөөд Монгол овгийн урианхай, тува ястнууд амьдардаг. Хамгийн баруун захад Монгол Алтайн уулсын бүсэд далайн төвшнөөс дээш 1301-4374 метрийн өндөрт оршино. Баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-тай 450 километр, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-тай 225 километр хиллэдэг. Өндөрлөг газар оршдог учраас уур амьсгал ерөнхийдөө сэрүүн байдаг. Даян, Хотон, Хорго гэх мэт цэнгэг уст 80 гаруй нууртай. Ховд, Цагаан, Согоот, Ёлт гэх мэт 100 гаруй гол горхи, 200 гаруй булаг шандтай. Ховд гол нь 506 километр үргэлжилдэг. Толбо, Ачит нуур нь загас агнуурын нөөцтэй.

Баян-Өлгий аймагт төмөр зам, хатуу хучилт бүхий замгүй боловч харилцаа холбоо, агаарын болон автотээвэр сайн хөгжсөн. Ерөнхийдөө байгалийн баялаг сайн судлагдаагүй боловч алтны ордууд илэрсэн. 1990 оноос хойш нийгмийн амьдралд гүнзгий өөрчлөлт гарч шашин шүтлэг нь сэргэж, лалын сүм байгуулагдан зарим зан үйлүүд нь дахин бий болсон. Казакстан улсад хөдөлмөрийн гэрээгээр хүмүүс олноор гарч эхэлсэн бөгөөд энэ жилүүдэд Казакстанд Монгол улсаас нийт 60000 хүн шилжин суурьшсан. Казакийн түүх нь 130 жилээр хэмжигдэх бөгөөд анх 1875 оны үеэр Хятад улсын Алтайн Шинжаан нутгаас 20 гаруй айл нүүж ирсэн түүхтэй.

Бүргэдээр ан хийх ёс нь 250 гаруй жил үргэлжилж ирсэн уламжлалтай юм. Баян-Өлгий аймгийн долоон гайхамшигаар Ёлтын сав газар, Алтай таван богдын байгалийн цогцолбор газар, Потанины мөсөн гол, Бага ойгор-Цагаан салаагийн хадны сүг зураг, Бага түргэний хүрхрээ, Толбо нуур, Ачит нуур гэсэн газрууд тодорчээ.

Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа: Анх 1996 онд Байгаль орчны сайдын 81 дүгээр тушаалаар Хөх Сэрхийн нурууны ДЦГ-ын Хамгаалалтын захиргаанд УИХ-ын 1996 оноос Алтай Таван Богдын БЦГ-ын хамгаалалтын асуудлыг давхар хариуцуулж Монгол-Алтайн нурууны УТХГ-уудын Хамгаалалтын захиргаа болгон өөрчлөн байгуулж, 2000 оноос Сийлхэмийн нурууны БЦГазар, Цамбагарав уулын БЦГазар, Дэвэлийн арлын БНГазрыг тус захиргаанд хариуцуулж, хамгаалалтын захиргаа нь БОАЖЯамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газарт харъяалагдаж, мэргэжлийн удирдлагаар хангагдан ажилладаг. Монгол-Алтайн нурууны УТХГ-уудын Хамгаалалтын захиргааг Монгол-Алтайн нурууны УТХГ-уудын байгалийн унаган төрхийг хадгалах, шинжлэн судлах, уг газар нутгийг хамгаалж, зүй зохистой ашиглахтай холбогдсон арга хэмжээг зохион байгуулан зохицуулах үүрэг бүхий мэргэжлийн байгууллага юм.

Алтай Таван богдын Байгалийн цогцолборт газар: Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн ландшафт, экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгаль, аргаль, янгир, халиун буга зэрэг хөхтөн, алтайн хойлог, нөмрөг тас, ооч ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжлүүлэх зорилгоор тусгай хамгаалалтанд авсан. Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар нь хойт талаараа ОХУ, баруун талаараа Таванбогдоос урагш Өвчүү уул хүртэл БНХАУ-тай хиллэдэг бөгөөд уртаашаа 186км, өргөөшөө 42км газар нутгийг хамардаг. Талбай нь бүхэлдээ өргөгдсөн гадаргатай, далайн түвшнээс дээш 1800-4374м, хамгийн өндөр цэг нь Монгол Алтайн нурууны ноён оргил Хүйтэн, хамгийн нам цэг нь Хурган нуур 1800м, бүх нутаг дэвсгэрийн 80,0% нь 1850 метрээс дээш өндөрт өргөгдсөн ба ерөнхийдөө 2400-2700м байдаг. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Судалгаанаас үзвэл 100 жилийн 50%-д нь 100.0-125.0мм хур тунадас унах магадлалтай ба өөрөөр хэлбэл хуурайвтар цөл, говийн нөлөөнд ихээхэн автагдсан өндөр уулын өвөрмөц уур амьсгалтай, маш эмзэг экосистем юм. Энэ нутагт Монгол орны мөсөн голуудын 96% нь оршдог байна. Монгол орны хамгийн том мөсөн гол нь Потанины мөсөн гол  бөгөөд  24 хавтгай дөрвөлжин км талбай хамардаг. Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар нь газрын гадаргын болон газар доорхи усаар баялаг. Хотон, Хурган, Даян зэрэг мөстлөгийн гаралтай томоохон нууруудаас гадна 250 гаруй жижиг нуур, цөөрөм бий. Том нуурууд нь цэнгэг, хүйтэн устай нуурууд учраас хавар, зуны улиралд ус, намгийн олон зүйл шувууд нүүдэллэн ирж зусаж, үүрээ засан өндөглөдөг чухал газруудын нэг.

Сийлхэмийн нурууны Байгалийн цогцолборт газар:  Сийлхэмийн нурууны байгалийн үзэсгэлэн, өвөрмөц байдал, ховордсон амьтан, ургамал, түүх соёлын дурсгал, аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор тусгай хамгаалалтанд авсан. Сийлхэмийн нуруу дунджаар 3000м өндөр бөгөөд Шар нохойт уул 3530м хүрдэг. Сийлхэмийн нурууны байгалийн үзэсгэлэн, өвөрмөц байдал, дэлхийд болон Монголд ховордсон цоохор ирвэс, алтайн аргаль хонь, янгир ямаа, саарал чоно, мануул мий, шувуудаас ооч ёл, нөмрөг тас, цармын бүргэд, алтайн хойлог, цэвдэгийн цагаан ятуу, цагаан шонхор, мөн жижиг нуур цөөрөм, гол горхинд алтайн сугас, монгол хадран зэрэг баруун монголын эндемик зүйл төдийгүй, түүх соёлын дурсгалаар нэн баялаг учраас улсын тусгай хамгаалалтанд авчээ. Байгалийн цогцолборт газар нь А, Б хоёр хэсэгтэй. Тус цогцолборт газрын дундуур ОХУ руу гардаг Цагааннуурын хилийн боомт ажиллаж байгаа учраас дундуур нь коридор гаргасан. Сийлхэмийн нурууны хил залгаа ОХУ-ын нутаг 241.3 мянган га талбайтай Салюгемийн Дархан цаазат газар байдаг нь олон улсын хамтарсан тусгай хамгаалалттай газар байгуулах бодит нөхцөлийг бүрдүүлдэг.

Цамбагарав уулын Байгалийн цогцолборт газар:  Мөс судлалын ач холбогдолтой, цоохор ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилготой бөгөөд ховор амьтан, ургамал ихтэйгээс гадна түүх соёлын дурсгал ихтэй, аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор хамгаалалтанд авсан. Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баяннуур сумдын заагт оршдог. Цамбагарав уул нь мөнх цаст уул бөгөөд хур цас, мөс нь уулсын доод хэсэгт ялгардаг нь ландшафтын онцгой хэв шинжтэй. Цамбагарав нь Монгол Алтайн нурууны салшгүй нэг хэсэг бөгөөд ноён оргил Цаст уул нь далайн түвшнээс дээш 4298.4м өргөгдсөн. Монгол орны нутаг дэвсгэрт 187 тооны хур цас, мөс байгаагаас 98% буюу 185 нь Монгол Алтай болон түүний салбар нуруунд төвлөрчээ. Эдгээрийн хамгийн их нь Таван богд, Цаст уул, Мөнххайрханд төвлөрсөн бөгөөд Цамбагаравын нурууны мөнх цастай оргилууд нь 130кв.м талбайг эзэлдэг. Газрын доорхи цэвэр усны асар их нөөцтэй. Цамбагарав уулыг тойрон 200 шахам булаг шанд, эмчилгээний чанартай рашаанууд олон. Мөс судлалын хувьд ач холбогдолтой, түүх соёлын дурсгалаар баялаг бөгөөд ховор амьтан, ургамал ихтэй, ялангуяа цоохор ирвэсийн хэвийн өсөлтийг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтанд хамруулсан.

Дэвэлийн арлын Байгалийн нөөц газар:  Ачит нуураас гарсан Усан хоолойн гол, Ховд голын Дэвэлийн арал орчмын газар нутгийг хамардаг бөгөөд ховор амьтан болох гургуул, зэгсний гахай, азийн минжийн гол тархац нутаг болохын хамт чацарганы гол цөм нутаг юм. Иймээс ховордож байгаа амьтадыг хамгаалах, өсгөн үржүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор тусгай хамгаалалтанд авсан. Дэвэлийн арал нь Баян-Өлгий, Увс аймгуудын хилийн зааг дээр байрлах бөгөөд ландшафт экологийн тогтоц, биологийн төрөл зүйл, ус намгийн болон нүүдлийн шувууд зэргээрээ Төв Азийн гадагш урсгалгүй ай савын бүх хэв шинжийг төлөөлсөн давтагдашгүй өвөрмөц ус намгархаг орчинг үүсгэнэ.Биологийн төрөл зүйлийн хамгаалалтын хувьд улсын төдийгүй бүс нутаг, дэлхийн хэмжээнд ач холбогдолтой. Нутагшуулсан азийн минж энэ арал, түүнээс дээшхи доошхи хэсэгт амьдарч байсан боловч одоогоор устаж алга болжээ. Намраас эхлээд хавар хүртэл хүн, мал битүү суурьшдаг тул энэ хугацаанд зэрлэг гахай гүйдлийн байдалтай үзэгддэг. Иймээс ховордож байгаа амьтадыг хамгаалах, өсгөн үржүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авчээ.

Түүх дурсгал: Эртний хүмүүсийн соёл иргэншлийн нэгэн гайхамшигт бүтээл болох хад, чулуун дээр улаан зосоор зурсан сүг зургууд ба хаданд сийлж зурсан ан амьтан, хүний дүрс бүхий сүг зургуудаас гадны элдэв тамга, тэмдэг, үсэг зурлага Алтайн нуруунд элбэг. Энэ зургууд нь Монгол Алтайд амьдарч байсан хүмүүсийн 2500-3000 жилийн өмнө үйлдэж үлдээсэн түүх соёлын өв сан юм. Алтайн нурууны буган хөшөө Хангайн нурууныхаас нэлээд өвөрмөц ялгаатай бөгөөд бугын оронд адуу зурсан адуун чулуун хөшөө, сэлэмт хөшөө тохиолддог. Буган хөшөөнүүд нь саарал өнгийн боржин чулууг засаж хийсэн, сийлсэн байх бөгөөд хөшөөний өвөр талын дээд өнцөгт том нар, жижиг сар, заримдаа нарыг харвасан сум сийлсэн байдаг. Буган хөшөөнүүд он цагийн хувьд МЭӨ Y-YII зуунд хамаардаг. Энд эртний Скифийн үеэс авхуулаад Хүннүгийн өмнөх дөрвөлжин булш, Хүннү, Түрэг, Уйгар, Монгол гүрний он цаг үе нь тогтоогдоогүй булш, бунхан элбэг байдаг.

Аялал жуулчлал: Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудад байгалийн аялал хийх, бүргэдээр ан хийх, казах, тува, урианхай, дөрвөд үндэстэн, ястны зан заншил, соёлтой танилцах, загасчлах, ууланд авирах, Алтай Таванбогд уул, мөсөн голыг үзэх, овоо тахих, тэмээн аялал хийх, морин аялал хийх, усан аялал хийх, ховордсон ан амьтан, ургамал судлах, дурсгалт газруудыг үзэх, судлах боломжтой. Орчин тойронд нь байгаль хамгаалах нөхөрлөлүүд аялал жуулчлал эрхэлдэг. Баян-Өлгий аймагт ирдэг жуулчдын дотор АНУ 25%, Франц 18%, Англи 15%, Канад 13%, ОХУ 8%, Израйль 7%, бусад орон 14% эзэлдэг.

Аялал жуулчлалын маршрут:

  • Хойд чиглэл: Ачит нуур - Ногоон нуурын хүн чулуу - Сүг зургууд - Сийлхэмийн нуруу - Цагаан нуур
  • Зүүн өмнөд чиглэл: Мөнгөн дөшийн сүг зураг - Эрээн харганатын түрэг бичээс - Ховд гол - Баяннуур - Дэвэлийн арал БЦГ - Цамбагарав БЦГ.
  • Өмнөд чиглэл: Алтайн их уулс - их гол нуур, казах ард түмний амьдрал - Толбо нуур - Хөх сэрхийн нуруу ДЦГ - Чигэртэйн рашаан
  • Баруун хойд чиглэл: Монгол-Алтайн шинэсэн ой - Цагаан салаагийн хадны зураг - Хар ямаатын чулуу - Цагаан гол - Чулуун хөшөөнүүд - Буган чулуу хөшөө - Бага ойгорын бичээс - Цэнгэл сум - Улаанхус сум - Сагсай сум - Таван богд уул


Утас: 7042 2111, 9942 8858, 7042 3518, 9942 3395

Website: http://www.manspa.mne.gov.mn

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0