1950 оны 1-р сард Чойбалсан хотын захиргааны
даргаар ажиллаж байсан С.Батмөнхийн санаачилгаар О.Гансүх, Д.Данзан, Төмөр,
Намст нарын 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр хотын 6-р хорины дэвсгэр нутаг “Хөдөлмөр” гэдэг
нэртэй нэгдэл, аймгийн төвийг хүнсний ногоогоор хангах чиглэлтэй анх
байгуулагдсан байна. 1952 онд энэ нэгдэл нь Чойбалсан хотоос нүүж зөвлөлтийн 17-р армийн хүнсний ногооны талбай, туслах
аж ахуйн төв 1940-өөд онд байсан хэдэн жижиг байшин барилгыг түшиглэн “Цагаан
дэрс” гэдэг газар очсон байна. 1958 онд Хэрлэнбаян сумын “Баян” нэгдэл,
“Хөдөлмөр” нэгдэлтэй нийлж улмаар УБХ-ын
тэргүүлэгчдийн шийдвэрээр 1959 оны 3-р сард Баянтүмэн сум байгуулагдаж нэгдлийг
“Баясгалант хөдөлмөр”
нэгдэл гэж нэрлэх болж, сум нэгдлийн даргаар С.Батмөнхийг, нарийн бичгийн
даргаар Ж.Өлзийхутагийг ажиллуулжээ.
Тус сум нь одоо “Хан уул” гэж нийтэд нэршсэн юм. Мөн онд бага сургууль (захирал нь Ю.Сумъяа), хүн эмнэлэг (бага эмч нь А.Жамбаа), хүүхдийн цэцэрлэг (эрхлэгч нь Б.Надмид), худалдаа бэлтгэлийн анги (дарга нь Ишжамц) 1960 онд Үржил зохиомол хээлтүүлгийн улсын станц, малын
их эмчийн салбар байгуулагджээ. Энэ сум нь хот орчмын аж ахуйн чиглэлээр хөгжиж
1974-1990 онд 400 үнээний саалийн механикжсан ферм, 1000 га-гийн услалтын
систем зэрэг ХАА-н томоохон объектууд баригдаж 500-1000 га газарт дарш, ногоо
тэжээлийн ургамал тариалж, Чойбалсан хотын хүнсний үйлдвэрт жилд нэг сая литр
сүү нийлүүлж, 1000-1500 га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо, үр тариа
бэлтгэж байв. Сумын хүн ам, мал сүргийн тоо толгой жил бүр нэмэгдэж, нэгдлийн
үндсэн хөрөнгө 1990 онд 41.4 сая төгрөгт хүрч жилдээ 7.8 сая (тэр үеийн ханшаар)
төгрөгийн мөнгөн орлоготой болж байсан. Тус сумын нэгдэл, зарим албан
байгууллага, саалийн механикжсан фермийн мал, өмч хөрөнгө нь зах зээлийн эдийн
засгийн харилцаанд шилжих явцад аж ахуйн нэгж, хувь хүмүүст шилжсэн байна.
Сумын нутаг дэвсгэр нь 832080 га, үүнээс бэлчээрийн газар 478411 га,
хадлангийн талбай 33523 га, тариалангийн газар 324 га байна. Төв нь УБ хотоос
645 км, Чойбалсан хотоос 12 км зайд орших Цагаан дэрст суурин. Чойбалсан хотын
эрчим хүчний системээс цахилгаанаар хангагдсан. Нутаг дэвсгэр нь тал хөндийн
хүрэн, хужир мараат хам хөрстэй. Галын шил (893м), Манхтай (856м), Бор өндөр (850м)
гэх мэт нам уултай, талархаг гадаргатай. Хэрлэн гол,
Цайдам, Хотонт гэх мэт бэсрэг нууртай.
Эх газрын уур амьсгалтай. 1-р сарын дундаж температур -22°-24° С , 7-р сард
+20°-22° С, жилд дунджаар 250 мм тунадас унадаг. Цагаан зээр, чоно, үнэг, хярс,
мануул гэх мэт ан амьтантай. Хялгана, хиагт, мангир, таана, зонхилсон хээрийн
бүсийн өтгөн өвс ургамалтай. Энэ сумынхан Энх, Мөнх, Хутаг, Хан уул зэрэг
тахилгатай уул овоотой.
Тус сум 2100 хүн амтай бөгөөд засаг захиргааны 3 багт харъяалагддаг. Нийт мал
95000 толгой, үүнээс тэмээ 670, адуу 15400, үхэр 9800, хонь 43000, ямаа 26700
толгой байна.