1925 оны хавар одоогийн Баян-Уул сумын нутаг Уртын голд Баян-Уул,
Хужиртаан, Бүс, Салхит зэрэг газраар нутаглаж байсан ардын хурал болж, тэр
үеийн Алхана, Онон-Ага сумдын зарим хэсэг, аль ч суманд харъяалалгүй байсан
нутгийн ардуудаас бүрдсэн “Шинэ Алхана” сумыг 9 баг, 192 өрхтэйгөөр байгуулж
сумын даргаар Д.Дашдондог (Тогоон), нарийн бичгийн даргаар Д.Дамбаренчин нарыг
сонгож, нутгийн төв хэсэг нь Салхит, Бүсийн гол, Билүүт зэрэг газар болж байв. Ингэж
шинээр байгуулагдсан энэ сумыг одоогийн “Баяндун” сумын гал голомт гэж үздэг.
Орон нутгийн захиргааны дүрмийн 33 дугаар зүйлийн заалтыг үндэс болгон, Оросын
нутагт байсан уулын нэрээр нэршсэн “Шинэ Алхана” сум гэдэг нэрийг өөрчлөн
нутгийн уулын нэрээр “Баяндун уулын сум” гэж нэрлэх болсон байна. Ингэж
байгуулагдсан энэ сум нь Голт нуур, Бүс, Салхитын адаг, Сарлаг нарс хавиар
нүүдэллэж байгаад 1931 онд Улз голын хошууг татан буулгахад хошууны төв байсан Наранбулагт
нүүн ирж төвлөрсөн ажээ.
Энэ сумын сургууль 1923 онд Улз голын хошууны сургууль (захирал нь Ж.Дэлэгдорж)
нэртэйгээр байгуулагдаж 1968 онд 8 жилийн, 1991 онд 10 жилийн боловсрол олгох
дунд сургууль болж, 1993 онд тус сургууль 70 жилийн ойгоор сургуулийн ахмад
сурагч, Монголын төрийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч, ууган гавъяат багш Д.Цэвэгмидийн
нэрэмжит болсон. 1927 онд Харилцан туслалцах хоршоо (дарга нь Ж.Цэрэн), 1928
онд намын үүр (дарга нь Ц.Дагва-Осор), ХЗЭ-ийн үүр (дарга нь З.Жамц), 1927-1928
онд Дамбадаржаалин дацан (ширээт лам нь Д.Жамъян жорвон), 1930 онд Үржлийн аж
ахуй (дарга нь Ширнэн) тус тус байгуулагджээ. 1931 онд мал эмнэлгийн салбар
(эмч нь Ильен) анх байгуулагдаж, 1953 онд их эмчийн салбар (эрхлэгч их эмч нь Ц.Дамба)
болж өргөжсөн бөгөөд 1932 онд хүн эмнэлгийн салбар (их эмч нь И.Н.Вершинин)
байгуулагдаж 1962 оноос их эмчийн салбар (их эмч нь М.Доржханд) болжээ. 1935 оноос
ХАА-н нэгдлүүд байгуулагдаж эхэлсэн. 1941 онд сүү тосны завод (эрхлэгч нь Т.Дамдинсүрэн)
байгуулагдаж, өмнө нь байгуулагдсан олон жижиг нэгдлүүд нийлж 1958 онд “Баяндун”
нэгдэл (дарга нь М.Мөнхжаргал) болжээ. Сумын хүн амын дийлэнх нь буриад ястан
байсан бөгөөд 1920-оод оны үед Амгалан хан уулын хошууны барга ястны өрх айлууд
Угтамын хийдийг бараадан нүүн ирж Өвгөд уулын хавиар нутаглаж байгаад улмаар
Өвгөд уулын сум (дарга нь Ж.Намсрай) болоод, дараа нь удалгүй 1929 оны үед
татан буугдаж Баяндун сумтай нийлснээр барга ястан энэ суманд бий болжээ. 1958
онд Хөгнө сумын 2 багийн 110 орчим өрхийн 400 гаруй хүмүүс Баяндун суманд
шилжиж очжээ. Баян-Уул сумын “Холбоо” нэгдэл тарахад 1959 онд тэндэхийн сонгоол
буриадууд Баяндун суманд нүүдэллэн ирсэн. Ингэж шилжих хөдөлгөөн ихэссэнээр үндсэндээ
Ага буриадаар бүрдэл болж байсан энэ сум буриад, халх, барга, сонгоол буриад
гэсэн олон ястан, овгийн бүрэлдэхүүнтэй болжээ.
Сумын нутаг дэвсгэр нь 623705 га, үүнээс бэлчээрийн газар 478411.5 га,
хадлангийн талбай 33523 га, тариалангийн газар 32.4 га байна. Төв нь УБ хотоос
665 км, /Чойбалсан хотоос 176 км алслагдсан Наранбулаг суурин. Нутаг дэвсгэр нь
уулын хар хүрэн, хар шороон, хужир мараат хам хөрс бүхий уулархаг гадаргатай.
Бүрэн хаан (1348м), Баяндун (1298 м), Их газар (1287 м), Согоот (1229 м), Угтам
(1237 м) гэх мэт уулстай. Өндөр цэг нь 1348 м, нам цэг нь 783 м (Улз голын
эрэг). Улз гол түүний цутгал Бүс, Баян гол, Түргэн, Унагай, Билүүт, Урт гэх мэт
гол, Түргэн цагаан, Онхоодой гэх мэт нууртай.
Эх газрын уур амьсгалтай. 1-р сарын дундаж температур -22”, 7-р сарынх
+18”- 20”, жилд дунджаар 300 мм тунадас унадаг. Сумын хойт талын Нэмнэ, Тогоот, Халиун, Бэрх, Баян талын эхээр нарс, хар
мод, хус, улиас, бургас элбэгтэй. Улз голоос урагших Их газар, Согоот, Тэмээн
чулуун зэрэг газар хус, улиас, бага боловч ургадаг. Энд нэрс, мойл, улаагана,
үхрийн нүд, нохойн хошуу, үрэл зэрэг жимстэй. Буга, бор гөрөөс, зээр, шилүүс,
үнэг, хэрэм, туулай, чоно, хярс, өмхий хүрэн, дорго, тарвага гэх мэт ан
амьтантай. Хадлан бэлчээрийн нөөц ихтэй. Хялгана, хиаг зэрэг хээрийн ургамал
голлон ургадаг. Баяндун, Угтам, Хайрхан зэрэг тахилгат
уул, овоотой.
Сум
3000 хүн ам, 800 өрхтэй бөгөөд засаг захиргааны 4 багт
харъяалагдаж байна. Нийт 130000 малтай, үүнээс тэмээ 160, адуу 8500, үхэр 12500, хонь 73000, ямаа 35000 толгой байна.