Эзэн богд Чингэс хааны ач хүү Мөнх хааны нэрээр нэрлэгдсэн сум юм. Тэртээх
1668 онд Халхын Шолой цэцэн хан өөрийн аравдугаар хөвгүүн Буджавтаа угсаа
залгамжлуулахаар газар нутаг таслан өмчлүүлсэн нь хуучнаар Сэцэн хан аймгийн
Эрдэнэ далай вангийн хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын түүхийн
эхлэл ажээ.
1921 оны Ардын хувьсгалын дараа 1923 оны 10-р сарын 19-ний өдрийн Засаг
захиргааны шинэчилсэн бүтэц өөрчлөлт явуулах тухай Засгийн газрын тогтолоор Хан
Хэнтий аймгийн Мөнххаан уулын хошуу хэмээн нэрлэгдэх болжээ. 1931 оноос Хэнтий
аймгийн Мөнххаан сум, 1944 оноос Сүхбаатар аймгийн (тус аймаг нь 1942 онд
байгуулагдсан) Мөнххаан сум болсон байна.
Мөнххаан сум нь 710км.кв нутаг дэвсгэртэй, засаг захиргааны 5 багтай, 4500
орчим иргэнтэй, 180 мянга гаруй толгой малтай томоохон сумуудын нэг. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Д.Догсом
нь 1884 онд одоогийн Баянтэрэм багийн Шинэбулаг хэмээх газарт төрсөн бөгөөд тэрбээр
1923 оноос Баруун хязгаарыг тохинуулах сайд, 1926-1927 онд ЗХУ дахь Бүрэн эрхт
төлөөлөгчийн газрын дарга, 1928 онд Алтанбулаг хотын сайд, 1933-34 онд
Улаанбаатар хотын дарга, 1934-1935 онд Тува дахь элчин сайд, 1936-1939 онуудад
Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга зэрэг өндөр албан тушаалууд хашиж
байжээ. Түүний зохиосон “Хөх торгон дээл”, “Дөрвөн уулын дунд” дуунууд нь ардын
болон өдгөөг хүртэл дуулагдсаар байна.
Монголын шинэ үеийн хөгжмийг үндэслэгч, ардын хувьсгалын нэрт зүтгэлтэн Магсаржав
хурцын Дугаржав энэ нутгийн хүү. Тэрбээр Монгол улсын тусгаар тогтнолын төлөө
Д.Сүхбаатар, Д.Догсом, С.Данзан нартай хамтран хүрээнд Түшмэдийн хүрээ үүсгэн
байгуулалцаж, ардын хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцож явжээ. 1920 онд улсын
Түшээ гүн, 1921 онд Зүүн хязгаарыг тохинуулах сайд, Сэцэн хан аймгийг хамаарах
сайдын үүргийг хавсран гүйцэтгэж, 1922 онд Богд хааны зарлигаар Улсын Хурц
баатар цол хүртсэнээр Богд хаант Монгол улсын сүүлчийн баатар цолтон болжээ.
Тува улсад суух элчин сайдаар 2 удаа томилогдон ажиллаж байснаас гадна Гадаад
явдлын яамны дэд сайд, улсын төв театрын дууны багшаар ажиллаж байсан бөгөөд
БНМАУ-ын анхны алдарт гавъяат дуучин цол хүртсэн хүн юм. М.Дугаржав нь дуулах,
хуурдах, зурах, сийлэх, урлах чадвартай ховор гайхам авъяастан, мөн чин зоригт
нэгэн байсан. Түүний зохиосон “Шивээ хиагт”, “Улаан туг”, “Идэр жинчин”, “Үхэрчин хүү”, “Соёл-Эрдэнэ”, “Баян монгол”, “Жавхлант сүрэг”, “Пионерын дуу” зэрэг нь
Монголын шинэ үеийн зохиолын дууны үндэс болсон сор бүтээлүүд билээ.