ӨМНӨГОВЬ - БАЯН-ОВОО СУМ

Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу нэртэй байж байгаад 1924 оны 5-р сарын 26-нд Шанхай уулын хошуу нэртэйгээр Эрдэнэтолгой хэмээх газар байгуулагдсан. 1958 он хүртэол 7-8 багтай байсан тус сумыг Долоошарзаг гэдэг газар суурьшуулж Баян-Овоо хэмээн нэрийдсэн.   Улаанбаатар хотоос 669км алслагдсан. Даланзадгад хотоос 165км, Номгон, Ханбогд, Цогтцэций сумдаас тус бүр 100км зайтай. Сумын нутаг дэвсгэрийн урт 172км, өргөн нь 98км, Хятад улстай 75 км газар хиллэдэг. Зах гурван зээмэг, Заг сүүжийн их говь, Их Бага Хачиг уул, Өндөр богд, Аргалант, Тогоо, Жаргалант, Хөөт, Цагаан дэл, Шивээ, Ямаат улаан зэрэг байгалийн үзэмж, түүх соёлын эртний дурсгал хадгалсан уул нуруудтай. Гэдэргийн хэц, Бунхант тал, Зээргэнтийн хөндий зэрэг цэлгэр тал хөндий хосолсон байдаг.


Борзонгийн говиос Галбын говь хүртэл зэгс, хулс, сухай бүхий 3500 кв.км талбай бүхий урт өргөн хоолойг Гүргэм, Дайчин, Заг сүүжийн говь гэдэг. Эдгээр говь нь сумын нутгийн баруун урд хэсгийг бүхэлд нь эзэлдэг.


Дэн цагаан хошуу, Шарзаг, Гурамсангийн хөндий, Таван алд хэмээх газруудад гүний цэвэр усны нөөц сайтай.  500 гаруй төрлийн ургамал ургадгаас 40 орчим төрөл нь эмийн ургамал болно. Зээмэгийн говьд багахан хэсэг газарт зэрлэг хар будаа ургадаг.


Өвөл цас бага, зун нь хур тунадас ховор, эрс тэс уур амьсгалтай ч дулаавтар, хавартаа шуурга ихтэй. Жилд дунджаар 63-70мм хур тунадас унадаг.


Ботгоны мөнгөний орд, Алаг толгойн алтны нөөц, Ямаатын уулны зэсний орд, нүүрс, занар, жонш, шохойн чулуу, сагар зэрэг барилгын өнгөлгөөний чулууны арвин нөөцтэй. Занар нь цэрдийн галавын үед буюу 120-160 сая жилийн өмнө үүсэн тогтсон ба дулаан үүсэх чанар нь 2000 калори байдаг.

 

Ази тивд хүн үүссэнийг гэрчлэх эртний бууцын ул мөр Оцон мааньт уулнаас олдсон. Хуучин чулуун зэвсгийн төгсгөл буюу 600-300 мянган жилийн өмнөх үед хамааруулдаг. Налих багийн Сайрын балгасанд Хүннүгийн үеийн хэрмэн хот байсны буурь, манжийн үеийн цайз, худалдааны хотын үлдэгдэл, Заг Сүүжээс Их Алагийн уул орох замд эртний хотын туурь бий.


Ховд, Улиастай хүрэх шар зам нэрлэгддэг өртөө, худалдааны их зам тус сумын нутгаар дайран өнгөрдөг байсан ба Бээжин, Жанчхүүгийн даваа ортол өгсүүр зам туулж байгаад Гэдэргийн даваан дээр гарч ирдэг байжээ. Баян-Овоо сумын нутагт Дуут хад, Аргалантын хяр дахь Чингэсийн нум саадгийн тавиур, Гурамсангийн хоолой дахь их хаадын морины уяаны хонхор, Батмөнх даян хааны төрсөн газар Хулгар, Муруйн цав, Их хаадын цэргийн балгас дахь цонж зураг түүхэн дурсгалт газруудаас гадна Налихын чулуужсан мод, 4м урт чулуужсан могой, Хөрхийн хүн чулуун хөшөө, 6 талт чулуу зэрэг түүх соёлын үнэт олдвор бүхий уудам говь юм.


280 хүүхдийн багтаамжтай Ерөнхий боловсролын сургууль, 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 15 ортой хүн эмнэлэг, шуудан холбоо, цаг уурын байгууллагууд ажилладаг. 1975, 1980 онп 10000 тэмээтэй болж “Хос мөнгөн буйл” шагналаар шагнагдаж байсан сум юм.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0