Төв аймгийн Зуунмод сумын үүсэл 1733 онд Богд уулын өвөрт баригдсан
Манзуширын хийдээс улбаатай. Зуунмод хот нь Манзуширын хийдийн тууринаас урагш 7 км газар оршино. Төв
аймгийн төвийг 1942 онд Улаанбаатараас нүүлгэн одоогийн байгаа газарт
байгуулжээ. Өнөөдөр Зуунмод хот 16 мянган хүн амтай, 20 шахам мянган хавтгай
дөрвөлжин километр нутагтай. Төвдөө Чингисийн талбайгаас арай багахан хэмжээтэй
их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Мөнх-Алдарын талбайтай. Талбайг тойроод
Аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, МАН-ын хороо, МҮЭХ-ны Төв аймгийн
салбар байрлана.
Төв аймгийн төв нь Баянхошуу, Зүүндэлгэр, Ланс, Энхтайван гэх оршин
суугчдын хорооллуудтай. Зүүндэлгэр хороолол нь хотын төвөөс зүүн тийш 3км зайд байрлана.
1970 онд малтай иргэдийг хотын төвөөс тусгаарлах зорилгоор байгуулсан.
Зуунмод хотод хамгийн ойрхон нь Сэргэлэн сум бөгөөд 20км зайтай. Зуунмодхот
нь хааш хаашаа тэлэх боломжтой ба социализмын үеэс л жижигхэн цэмцгэр хот байжээ.
Эдүгээ ч тэр хэвээрээ гудамж, талбайн гэрэлтүүлэг сайн байдаг. Салхины дээр
байрлах сул газрууддаа хувийн орон сууцууд барьж инженерийн шийдлүүд хийжээ.
Социализмын үед Төв аймаг нийслэлийн ар талыг хариуцаж үр тариа, мал аж ахуй,
хүнсний ногоогоор нийслэлийн хүн амыг хангаад зогсохгүй улсдаа хамгийн том
нийлүүлэгч байжээ. Тухайн үедээ их хэмжээний хөрөнгө оруулалтаар нэгдэл,
сангийн аж ахуйнууд байгуулагдсан гэдэг. Алс холын аймгуудаас хүртэл Төв аймагт
тухайн үед 4000 гаруй өрх ирж суурьшсан
мэдээ бий.
Зуунмод суманд ямар ч үйлдвэр байгуулах боломжтой.Нийслэлээс гучин минутын
зайд орших энэ суманд хөрөнгө оруулж чадвал тавхан жилийн дотор хөрөнгө
оруулалтаа баталгаатай нөхнө гэж эдийн засагчид дүгнэжээ.