1921 оны ардын хувьсгалын өлгий болсон Алтанбулаг сум нь Сэлэнгэ аймгийн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 345 км ,аймгийнхаа төвөөс 25 км зайд баруун талаараа Сүхбаатар, зүүн талаараа Хүдэр, урд талаараа Ерөө, Шаамар сумдтай, хойд талаараа Оросын Холбооны Улстай(ОХУ) хиллэдэг.
Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужийн Туулын дэд мужад багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий ойт хээр буюу худалдаа арилжаа наймаа, мал аж ахуй болон, төмс хүнсний ногоо, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг Нийслэл Улаан баатартай холбосон олон улсын чанартай 25 км хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг.Сумын төвд 5 км сайжруулсан замтай бөгөөд Хөдөөгийн баг сумын төв хоорондоо шороон замаар холбогддог.