Сумын үүсэл хөгжил, газар нутаг, засаг захиргааны зохион байгуулалт: Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу нь 1924 онд явагдсан засаг захиргааны зохион байгуулалтаар аймаг хошуудын нэрийг сольж Богдхан аймгийн Дэлгэрхангай уулын хошууны Өлзийт сумыг Өвөр Дэрсэнэ-Усанд Сүрэнхор занги хэмээх даргатайгаар байгуулсанаас хойш Гүн үнэгэд,
Тагт зэрэг зэрэг газруудад төвлөрч байснаа ган гачаал, цагийн байдлаас шалтгаацан гуч орчим удаа нүүдэл суудал хийж 1965 онд одоогийн Рашаант хэмээх уул устай газрыг түшиглэж төвлөрөн хөгжиж байна. Говийнхоны хэлдгээр “Тэмээний нуруун дээр явсан “ тус сумын түүх ингэж эхэлсэн билээ.
Өлзий сумын нутаг нь Цагаан суварга, Өөш Манхан, Хэвтээ босоо, Алаг зандангийн агуйнууд, Морин толгойн цав, Монтойн хайлааст ам зэрэг байгалийн өвөрмөц сонин тогтоцтой үзэсгэлэнт газрууд олонтой билээ, үзэсгэлэнт Цагаан суваргыг түшиглэн жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна.Өлзийт сум нь хойд талаараа өөрийн аймгийн Хулд, Луус Сайнцагаан, зүүн талаараа Гурвансайхан, Өндөршил, Дорноговь аймгийн Мандах сумд, урд талаараа Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций, Цогт-Овоо сумдтай хиллэн оршдог. сумын төв Рашаант нь Улаанбаатар хотоос 365 км, аймгийнхаа төвөөс 100 км-т байрладаг, сум нь зүүнээсээ баруун хил хүртлээ 220 км, хойноосоо урд хил хүртлээ 160 км сунаж тогтсон 1542,1 мянган га нутаг дэвсгэртэй . Энэ нь Дундговь аймгийн нийт нутгийн 1/5-тэй тэнцэх өргөн уудам нутаг юм.