Дундговь аймгийн Баянжаргалан сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Хан Хэнтий уулын аймаг Оцолсансарын уулын хошуу. “Шилийн гол”, “Энгэр-Ус”, “Аргатай” гэсэн 3 багийн нийт 409 өрхөд 1169 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Дундговь аймгийн 15-н сумаас 14-д, газар нутгийн хэмжээгээр12-т ордог.
Далайн түвшнээс дээш 1100-1465 метр өргөгдсөн. Хайргархаг шавранцар цайвар хүрэн, хужир шаварлаг элсэнцэр буюу хөнгөн шавранцар бор хөрс голлосон уул толгодлог гадаргатай. Аль ч улиралд таван хошуу мал идээшин дасах тал хээр хосолсон нутаг. Нутгийн хөрсөнд агь, гашуу, ерхөг, хазаар, дэрс, таана, хөмүүл, хялгана голлон ургана. Чихэр өвс, царван, таван салаа, бажууна зэрэг эмийн ургамал, буйлс, хайлс, яргай, бургас, харгана зэрэг модлог ургамал ургана. Дундговь аймгийн зүүн хэсэгт:• Улаанбаатар хотоос 300 км• Аймгийн төвөөс 150 км• Говьсүмбэр аймгаас 80 кмӨөрийн аймгийн Өндөршил, Гурвансайхан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдтай, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдтай тус тус хиллэдэг.
Агаарын дундаж температур өвөл 1-2 сард 30 хэм хүрч хүйтэрдэг. 7 сарын сүүлч 8 сар хүртэл зундаа 35 хэм хүрч халдаг эрс тэрс уур амьсгалтай.