Дорноговь аймгийн Эрдэнэ сум нь анх 1924 оны эхээр Ёст бэйсийн /хуучин цогтой гүний хошуу/ хошууг Сүүж уулын хошуу болгон өөрчлөн байгуулсан боловч Ардын Их хурлын 10-р сарын 24-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор татан буулгаж Сүүж сум болгон Их Дулаан - I Уулын хошуунд харъяалуулжээ.
Засаг захиргааны 5 багтай, 2537 хүн амтай, хүн амын 52,5 хувь нь эрэгтэй, 47.5 хувь нь эмэгтэй, 35,1 хувь нь хүүхэд, 6,8 хувь нь ахмад настан байна. Далайн түвшнээс дээш 966 м өндөрт өргөгдсөн. Сумын нутаг дэвсгэр нь говь хээр, гүвээ толгод бүхий мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.
Байгалийн сайн чанарын шавар, элс, зос, гөлтгөнө зэрэг байгалийн баялагтай. Заг, хайлаас, шаваг, бударгана, таана, хүмүүл, хялгана, хазаар зэрэг ургамал ургадаг. Уулархаг газар нутгаараа аргаль, угалз байх бөгөөд ихэнх нутгаар үнэг, чоно, хярс, мануул, шилүүс, дорго зэрэг үслэг ан амьтдаас гадна дэлхийд ховордсон хулан, хар сүүлт зэрэг ан амьтад байдаг.Уур амьсгалын хувьд хуурайдуу, дулаавтар мужид багтдаг. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, агаарын температурын үнэмлэхүй их хэмжээ нь 33,60С, өвөлдөө хүйтэн боловч, зундаа аагим халуун болно.