Дорноговь аймгийн Хөвсгөл сум нь 1924 онд байгуулагдсан ба хуучнаар Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу. Жавхлант,Чулуут, Элст, Сумын төв гэсэн засаг захиргааны 4 багтай. Нийт 458 өрхийн 1593 хүн амьдардаг. Хүн амын тоогоор аймагтаа 14 сумаас 9-д, малын тоогоор 6-д ордог.
Далайн түвшнээс дээш 1100-1437 м өргөгдсөн Хутаг уул, Гуа тээг зэрэг өндөр уултай, энэ нь аймгийн хэмжээнд хамгийн өндөрлөг газарт тооцогддог.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ, толгод бүхий тал хээр, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой, хатуулаг бор хүрэн хөрстэй.Таана хөмүүл, агь, бударгана зэрэг үржил шим сайтай ургамлаар баялаг. Мөн сухай, заг, тоорой, буйлс зэрэг модлог ургамалтай. Хулангийн ундаа, Зээргэнэ, Хар өвс, Сулхир, Яшил, Лантанз, Загасгал зэрэг эмийн ургамал ургадаг.
Дорноговь аймгийн баруун урд хэсэгт Улаанбаатар хотоос 620 км, аймгийн төвөөс 170 км зайд байрладаг. Зүүн талаараа Улаанбадрах сум, баруун талаараа Хатанбулаг сумтай хиллэдэг бөгөөд аймгийн төвөөс алслагдсан, БНХАУ-тай хил залгаа оршдог.