Сүхбаатар дүүрэг анх 1965 оны 4-р сарын 14-нд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 79-р зарлигаар “Сүхбаатарын район” нэртэй байгуулагдсан. Тухайн үедээ 44 хороо, 19542 өрх, 96,6 мянган хүн амтай газар нутгийн хувьд томоохон район болон байгуулагдсан.
1992 оны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтөөр “Сүхбаатар”,”Чингэлтэй” гэсэн хоёр дүүрэг болон шинээр зохион байгуулагдсан түүхтэй.
Сүхбаатар дүүрэг 21.8 мянган га газар нутагтай, 18 хороонд 34503 өрхийн 136889 хүн ам амьдран суудаг. 3842 тоо толгой малтай.
Түүнчлэн нийслэлийн төр, засаг, соёл боловсрол, шинжлэх ухааны төв байгууллагууд төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж байдаг онцлогтой. Тухайлбал, Төрийн ордон, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, яам, НҮБ, Дэлхийн банк, Азийн сан, Конрэд Аденауэрын сан, Элчин сайдын яамдууд зэрэг төрийн болон олон улсын байгууллагууд, МАН, АН зэрэг улс төрийн нам, эвсэл холбоодын 30-аад байгууллага, Шинжлэх ухааны Академи, МУИС, АУИС, МУШУТИС, МУБИС зэрэг их, дээд сургууль коллеж тус дүүрэгт байрладаг.