Замын-Үүд нь ардын хувьсгалын өмнө Түшээт хан аймгийн Говь мэргэн хошуунд харъяалагдаж байсан. Замын-Үүдийн нутгаар олон улсын худалдааны Торгоны, Гүнжийн, Цайны зам дайран өнгөрч байсан нь худалдаа арилжаа, аян жин, аялал жуулчлалын дамжин өнгөрөх харилцааны зам, морин өртөө, хил хязгаарын хамгаалалтын суурин, харуул зэрэг боомт, суурин болох эх үүсвэр эрт тавигдсан.
БНХАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956 оны 8 дугаар сарын 131 дүгээр зарлигаар Замын-Үүд хороо, 1992 оны 9 дүгээр сард Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 12-р тогтоолоор Эрдэнэ сумын 5-р баг, 1994 оны 5-р сарын 6 нд УИХ-ын 34 дүгээр тогтоолоор Замын-Үүд сум болгон зохион байгуулжээ.
Хилийн боомтоор өдөрт 500-800 авто машин, 6500-8000 хүн зорчин өнгөрдөг.Хүн амын тоогоор Дорноговь аймгийн 14 сумаас эхнээсээ 1-т газар нутгийн хэмжээгээр 14-д ордог. Хүн амын нягтралаар хамгийн өндөр сум юм. Уур амьсгалын мужлалаар хүйтэвтэр өвөлтэй, хуурай халуун зунтай, салхины хүч ихтэй, хур тунадас багатай мужид хамрагдана. Нэгдүгээр сарын дундаж температур -12.7 хэм, 7 дугаар сарын дундаж температур +21.1 хэм ба жилийн дундаж температур +3.1 хэм байдаг.
Замын-Үүд нь 48600 га нутаг дэвсгэртэй, үүний 70 хувийг улсын тусгай хэрэгцээний газар буюу хилийн зурвас газар, төмөр замын зурвас газар эзэлдэг. Газар зүйн хувьд говийн цөлөрхөг бүсэд багтдаг. Улаанбаатар хотоос урагш 730 км, аймгийн төв Сайншандаас 230 км, Монгол улсын урд хилээс 4.5 км-т оршдог. Монгол улсын хилийн байнгын ажиллагаатай олон улсын авто зам, төмөр зам, агаарын зам давхацсан томоохон боомт юм.