Монгол Улсын Ардын Засгийн Газраас 1923 онд “Монгол улсын Нутгийн Захиргааны дүрэм” гаргаж засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийснээр Говь мэргэн вангийн хошууг жижгэрүүлэхэд Богд хан уулын аймгийн Их дулаан уулын хошууны анхны сумын нэг болж 1924 онд Дэлгэрэх аварга нэртэйгээр байгуулагджээ. Дорноговь аймаг шинээр байгуулагдахад 1931 оны 2-р сарын 7-нд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 5-р тогтоолоор Дорноговь аймгийн Дэлгэрэх сум болон одоогийн засаг захиргааны хуваарийн дагуу өөрчлөгдөн байгуулагдсан байна.
Үүсэн байгуулагдсан түүхэн хөгжлийнхөө ямар ч үед тухайлбал Олноо өргөгдсөний болон Богд хаант Монгол улс, Ардын ардчилсан хувьсгалын жилүүд түүнээс ч хойш дэвжин хөгжихийн билэгдэл Дэлгэрэх нэртэйгээр явж ирсэн нь ашдын билгийг зөгнөсөн үе үеийн ард олны маань хөгжлийн төлөөх хүсэл тэмүүлэл ирээдүйгээ урьдчилж харсан зөн билгийн илрэл юм. Сум маань 1913 онд Дэлгэрэх сум, 1915 онд Аварга-Уулын Дэлгэрэх сум, 1918 онд Дэлгэрэх-Аварга уулын сум, 1931 оноос Дэлгэрэх сум гэж нэрлэн өнөөг хүрсэн байна.Дэлгэрэх сумын нутаг говь гэж нэрлэгдэх боловч тал хээрийн бүсэд оршдог.Хойд талаараа Боржигон, Баруун талаараа Хондогуудтай, зүүн өмнө болон зүүн талаараа Дарьгангатай айлсан зах нийлдэг.Тус сум нь аймгийнхаа зүүн захад аймгийн төв Сайншандаас 140 км, Улаанбаатар хотоос 470 км зайд байрладаг, өөрийн аймгийн Өргөн, Хэнтий аймгийн Галшар, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Баяндэлгэр сумдтай хиллэдэг.
Далайн төвшинээс дээш 1000 метр өндөрлөгт оршдог. Байгалийн тал хээрийн бүсэд хамардаг.• 1 дүгээр сарын дундаж температур, -23 С• 7 дугаар сарын дундаж температур +25.5С• жилийн дундаж салхины хурд 5-8 м/с• жилийн хур тунaдасны нийлбэр, 170-180 мм