Монгол улсын Их хурлын 1992 оны 18-р тогтоолын дагуу Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 1992 оны 10 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан.
Сонгинохайрхан дүүрэг нь Нийслэлийн баруун жигүүрт Баянгол дүүрэг, Төв аймгын Алтанбулаг сум, Баянчандмань, Борнуур, Батсүмбэр сумтай хил залгаа оршдог. 120.1 га газар нутагтай. 2016 оны байдлаар 315802 хүн амтай, 73576 тоо толгой малтай.
Сонгинохайрхан уул: Улаанбаатар хотын баруун өмнө орших тахилгат уул,
хад асгатай, хайлаас харганатай уул. Гурван шовх оргил нь алсаас сүр бараатай
харагддаг. Галт хар үнэг байдаг тул өвөл цасгүйгээр хар өвөлждөг хэмээх
домогтой. Эрдэмт лам Лувсанпэрэнлэйжамцын айлдсанаар Сонгинохайрхан уул нь
сүрхий догшин, хатуу үйлийг захиж хүсэхэд түргэн бүтээдэг бэлгэдэлтэй хөх үхэр
унасан, араа соёо нь зөрсөн, нанчид архинд дуртай хөх өвгөн сахиустай хэмээн
айлдсан. Заримдаа цэргийн ноёны дүрд хувирдаг шидтэй өвгөн хэмээнэ.
Түүхийн эрдэмтэн доктор Наваан хайрханы өвөрт байх
булшнаас сумын зэв, дуут товруу, алтан чимэг бүхий бүс олсон байдаг. Хайрханы
өвөр бэлээр урсах Туул голын дагуу “бургасан сүргийнхэн” хэмээгдэх хэсэг айл
амь зуудаг байсан ба бургасан хана, араг савар, уурганы үзүүр, тэмээ, хайнаг,
сарлагны дөр мод хийж худалдаалдаг байжээ. Сонгинохайрханы Өгөөмөрийн шар булан
хэмээх тохойд Дархан чин ван Дондовдоржийн нутаглах ахуйд II Богд мэндэлсэн
түүхтэй. Ардууд Өгөөмөрийн шар тохойд өнгө бүрийн цэцэг дэлгэрнэ, өндөр дээд
төрөл язгууртны орд өргөөнд өвгөн хутагт маань мэндэллээ хэмээн дуулдаг байжээ.
Хутагтыг мэндэлсний хойно Туулын хойд дэнж дээр Баярт толгой гэдэг газар
Уртнасан гавж хоёр жижиг сүм бариулж, чулуугаар 8 суваргыг уран дүрслэлтэй
бүтээн залжээ. Нурж баларсан найман суваргыг 1950 онд гэвш Данигай лам авчирч
Гандантэгчинлэн хийдийн цагаан суваргыг тойруулан тавьжээ.
Хайрхан уулын энгэр дэх хөх асганд эрт үед зэрлэг
улаан сонгино их ургадаг учраас Сонгинот хайрхан гэж нэрлэгдэж байснаа сүүлдээ
Сонгинохайрхан болжээ. Сүүлнийх нь үзүүр цав цагаан тас хар жижигхэн хар
үнэгийг үзэж харсан хүмүүс мэр сэр байдаг тухай тухай хууч яриа бий. Тэр үнэг хүн бүрт харагддаггүй, үнэгийг алах
нь битгий хэл айлгах тухай бодохыг ч цээрлэдэг. Сонгинохайрханы салбар уулсад
тарвага, зурам, үнэг, хярс, мануул, шилүүс, туулай, чоно байдаг ба зудтай жил
буга гөрөөс, аргаль янгир нүүдэллэн ирж нутаглах нь бий. Төрөл бүрийн жигүүртэн
сойр, ятуу, ууль, шар шувуу, хэрээ, шаазгай, бүргэд, тас шувуу байсан гэдэг.
Хүрээний дөрвөн уулын дундаас хамгийн догшин
хайрхан хэмээгддэг тул ан амьтад, тарвага зурманд нь ч хүрдэггүй байсан гэдэг.
Морин уулын гацаа хэмээх газарт нь 1915 онд Богд хаант Монгол улсын үед Оросын
хаант засгийн хувийн малын эмч нартай 25 жилийн гэрээ хийж Түшээт хаан, Засагт
хаан, Цэцэн хаан аймгийн мал сүргийг эрүүлжүүлэх эм бэлдмэлийн үйлдвэр
байгуулах гэрээний дагуу Монголд анх удаа хувийн Оросын мал эмнэлгийн эм бэлдмэлийн
үйлдвэр байгуулсан түүхтэй. Эмийн үйлдвэрийн туурь нь Био комбинатын гүүрний
хойно Туул голын захад хэсэгхэн товгор газарт байдаг. Бөхөг Түргэний голын сав
газарт тариа ногоо тарьж байсан ба энэ хоёр гол нийлэх уулзвараас дээхнэ
Сонгинохайрхан уулын баруун үзүүр хавьд Туул голын дэнж дээр хуучин хотын туурь
байдаг. Үүнийг Монголын нууц товчоонд хэд хэдэн удаа дурьдсан Хэрэйдийн Ван хан
Тоорил зусдаг байсан Туулын хар шугуй дахь Доод нийслэлийн туурь хэмээн үздэг.
Сонгинохайрхан уулын баруун үзүүрийн дээд ам
Бурхант уулын зүүн хойд булаг, Булгат хайрханы хажуугийн Дадар Сэвлэг уулын
энгэр хавьд эртний хиргисүүр булш олон бий. Дадар уулнаас XII – XIII зууны үед
холбогдох язгууртны булшнууд олдсон байна. Туул голын сав Бөхөг Түргэний голын
хөндийд 1938 оны үеэс бөмбөгдөгч онгоцны засварын газар, нисэх буудал, цэргийн
анги, үйлдвэр үйлчилгээний газар анх Монголд байгуулагдаж байжээ.
Эрдэмт лам Лувсанпэрэнлэйжамцын айлдсанаар
Сонгинохайрхан уул нь сүрхий догшин, хатуу үйлийг захиж хүсэхэд түргэн бүтээдэг
бэлгэдэлтэй хөх үхэр унасан, араа соёо нь зөрсөн, нанчид архинд дуртай хөх өвгөн
сахиустай хэмээн айлдсан. Заримдаа цэргийн ноёны дүрд хувирдаг шидтэй өвгөн
хэмээнэ. Хайрхан уулын савдаг өвгөнөөс цэрэгт мордох, дайн байлдаан зэрэг хатуу
үйл эрхлэхээр мордож байгаа хүн өөрийн биеийг даатган залбирахад ямар нэгэн гай
зэтгэрээс аврагдана хэмээн ард түмэн эрт дээр үеэс сархад, идээний дээж өргөн шүтэж
иржээ.