Говь-Алтай аймгийн Хөхморьт сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Баатар вангийн хошуу. Хан тайшир уулын аймгийн Ловон уулын сум байгуулагдсан нь одоогийн Хөхморьт сумын тулгын чулуу тавигджээ. Тус сум Дэлгэр сум, Сан далай, Их бэрх зэрэг нэртэйгээр хэд хэдэн газар төв нь байрлаж байсан бөгөөд 1941 онд Хөхморьт сум гэж нэрлэгдэж “Сайн-Уст” –ын дэнжид төвлөрчээ. Цоохор нуур, Завхан гол, Сангийн далай, Хүйсийн говь, Сайн-Уст гэсэн 5 багийн нийт 628 өрхөд 2177 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Говь-Алтай аймгийн 18 сумаас 8 дугаарт, газар нутгийн хэмжээ 629.1 мянган га газар нутагтай.
Далайн түвшнээс дээш 1210-1723 м өргөгдсөн. Тус сумд дэлхийд ховордсон бөхөн аргаль угалз, янгир, суусар, хар сүүлт байхаас гадна үнэг, чоно, хярс, мануул, шилүүс, цагаан зээр, туулай зэрэг ан амьтад нутагшин байршсан байдаг.Хөхморьт сум засаг захиргааны хувьд Завхан аймагт харъяалагдаж байгаад аймгийн төвөөс хэт алслагдсан , зам харилцаа муугаас 1954 онд Говь-Алтай аймагт шилжсэн байна. Бүх нутгийн 70 хувь нь Монголын их элс, үлдэх хэсгийг Хүйсийн говь эзэлдэг. Их нууруудын хотгорын мужид оршдог. Тус сумын нутаг дэвсгэр нь байгалийн эрчим хүч, дулааны баланс жилийн нийт хоногийн 60 хувьд нь тогтвортой хадгалагддаг тул хүлэмжийн аж ахуйн эрхлэхэд нэн тохиромжтой нөлөө үзүүлдэг онцлогтой.
Говь-Алтай аймгийн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1250 км, аймгийн төвөөс 215 км зайд байрладаг.Говь-Алтай аймгийн Баян-Уул, Ховд аймгийн Дарви, Чандмань, Завхан аймгийн Дөрвөлжин сумдтай хиллэдэг.
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур + 27Сжилийн дундаж салхины хурд 4-8 м/сжилийн хур тундасны нийлбэр 90 -150 мм