Төгрөг сум 1924 онд Ханжаргалан сум нэртэйгээр одоогийн Төгрөг сумын нутагт хана шийрлэн, өрх тусгаарлаж гал голомтоо асаасан тэр цагаас хойш 1931 онд Ханжаргалан сумыг Төгрөг сум болгон өөрчилсөн түүхтэй. Бүсхайрхан уулын хошууг Баян-Цагаан, Баянжавхлан, Бүсхайрхан, Сандил, Сутай, Хансүмбэр, Ханжаргалан гэсэн найман сумтайгаар 1924 онд байгуулжээ.
Хуучин Дайчинбэйсийн хошуу гэж байжээ.1918 оны хүн амын тооллогоор 7641 хүн амтай, Аймагтаа томоохон хошууны нэг байжээ. Энэ хошууны газар нутагт өнөөгийн Тонхил, Бугат, Төгрөг сумын нутаг бүхэлдээ, Дарив, Алтай, Цээл сумдын нутгийн ихээхэн хэсэг багтаж байсан. Засагт хан аймгийн 2 Урианхан хошууны нэг байжээ.Хуучин Засагт хан аймгийн Дайчин ван, Жалцангомбо бэйсийн хошуу нэртэй байсныг 1921 онд Бүсхайрхан уулын Буурал хайрхан сум, 1923 оноос Хантайшир аймгийн Ханжаргалан, 1926 оноос Хантайшир аймгийн Төгрөг сум, 1931 оноос Завхан аймгийн Төгрөг сум, 1940 оноос Говь-Алтай аймгийн Төгрөг сум гэж засаг захиргааны харъяаллаар нэрлэгдэж иржээ.
Одоо Хүрэн гол, Төгрөгийн эх, Мааньт, Цагаанхайрхан, Тунгалаг гэсэн 5 баг, 535 өрх, 2032 хүн амьдарч байна.Хүн ам, газар нутгийн хэмжээгээр Говь-Алтай аймгийн 18сумаас 12-дордог. Говь-Алтай аймгийн баруун өмнө хэсэгт:Улаанбаатар хотоос 1145 км,Аймгийнхаа төвөөс 150 км зайд байрладаг. Говь-Алтай аймгийн Алтай, Бугат, Тонхил, Дарив, Шарга, Халиун, Цээл сумдтай хиллэдэг.