1912 онд хятад худалдаачид нүүрс олборлож Нийслэл Хүрээ рүү зөөвөрлөж байсны дараа 1922 оны 12 дугаар сарын 25-нд Налайхын уурхай албан ёсоор Улсын үйлдвэр болон байгуулагдаж Нийслэл Хүрээнд харъяалагдаж байжээ. 1926 онд Улаанбаатар хотод 60 киловатт хүчин чадалтай цахилгаан станц баригдсанаар Налайхаас зөөвөрлөх нүүрсний хэрэгцээ өсчээ. 1939 онд станцыг өргөтгөж, 1940 оны 10 дугаар сарын 11-нд Улаанбаатар-Налайх чиглэлийн төмөр замыг ашиглалтанд оруулж, 1954-1958 онд Налайхын их уурхайг байгуулж, 1962 онд уурхайг түшиглэсэн Налайх хороог байгуулах шийдвэр гарчээ. 1992 онд Налайхыг дүүрэг болгосон бөгөөд Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сумтай хил залган нийслэлээс зүүн урагш 36 км зайд, д.т.д 1050-2060 метр өндөрт оршдог.
68.8 мянган га нутаг дэвсгэртэй, газрын тогтолцоогоор хойт талаараа ойт хээрийн бүс, урд талаараа хээрийн бүсэд хамран оршино.
Дүүргийн нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжийн хувьд 6 хороонд хуваагддаг,
нутаг дэвсгэрийн хэмжээ 68764 га. 2011 оны дүнгээр 31422 хүн ам, 39709 тооны мал тоологджээ.
Налайх дүүрэг нь нүүрс, алт, цагаан тугалга, болор, шохой, рашаан ус этийн ургамал, элс, шавар, хайрга зэрэг байгалийн баялаг ихтэй.
Дэд бүтэц харьцануй сайн хөгжсөн, Улаанбаатар хоттой төмөр зам, авто замаар холбогдсон, дулааны хангамж цэвэр усны найдвартай эх үүсвэртэй Монгол улсын зүүн өмнөт хэсгийг хангах 220 квт цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам, холбооны шилэн кабель, дайран өнгөрдөг эдийн засгийн зангилаа нутаг юм. Улаанбаатар хотын цэвэр усны дээд эх үүсвэртэй шууд холбогдсон. Олон улсын болон хот хоорондын электрон АТС-тэй, электрон шуудан интернэтийн сүлжээ, мобиком, скайтел гар утасны сүлжээнд орсон 60 гкал- цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны станцтай юм. Дэлхийн аль ч улс оронтой богино хугацаанд харилцаж болох харилцаа холбоо бүрдсэн дүүрэг юм. Өнөөдөр налайхад бага оврын уул уурхайн үйлдвэр, оёдол, хүнсний жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбар түлхүү хөгжих боломжтой учир гадаадын байгууллага, хөрөнгө оруулагчид сүүлийн жилүүдэд хамтран ажиллах хоёр талын сонирхол байгаа гэж үздэг юм.
Налайх гэдэг нэрний учир: Налайх нь анх хотын зүүн урд захад хойноосоо урагшаа чиглэлтэй хөтөл байсан ба Налуу
ухаа гэж нэрлэгддэг байжээ. Бэлчээр сайтай, тарвага зурам ихтэй газар нутаг
байв. Тарваганы нүхнээс хар чулуу гарч ирснийг хятадууд олж үзээд илжиг тэргээр
зөөж эхэлснээр хүрээнийхэн шатдаг нүүрс гэдгийг мэддэг болжээ. Налуу ухаа
хэмээх нэрийг хятадууд хазгай муруй дуудсаар “налайх” болгожээ.