Монгол орны аж үйлдвэрийн томоохон төвийн нэг Дархан сумын үндэс болсон Дархан хотын суурийг Улаанбаатар, Москваг холбосон Төмөр замын Дархан өртөөг 1961 оны 10 дугаар сарын 17-нд байгуулснаар анх тавьсан. МУ-ын УИХ-ын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд одоогийн Дархан сумыг Дархан хотын төвийн нутаг дэвсгэрт түшиглэн 16 багтайгаар байгуулсан юм. Тус сум нь 77.6 мянган хүн амтай бөгөөд аймгийн хүн амын 82.0 хувь нь тус суманд амьдардаг.
Удаан үргэлжлэх хүйтэн өвөл, үе үе цочир хүйтрэл болтлоо сэрүүсдэг зун, өдөр нь нэлээд халж, шөнө нь их хөрөх зэрэг эх газрын эрс тэс уур амьсгал бүхий хүйтэн мужид багтана. - 1 дүгээр сарын дундаж температур -23,6 С- 7 дугаар сарын дундаж температур +28,8 С- Жилийн дундаж салхины хурд 3,9-4,1 м/с- Жилийн хур тундасны нийлбэр 324,8мм
Сумын төсвийн татварын нийт орлого нь 27,543,2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 26,164,3 сая төгрөг, сумын өөрийн орлого 1378.9 сая төгрөгийн орлогоос бүрддэг. 2012 оны байдлаар Дархан суманд 2050 ААН үйл ажиллагаа явуулж жилдээ 583,0 сая төгрөг орон нутгийн төсөвт оруулсан.
Дархан-Уул аймгийн төв хэсэгт: - Улаанбаатар хотоос 220 км- Сэлэнгэ аймгийн төвийн сум Сүхбаатараас 100 км, - Хойт хилийн боомт Алтанбулаг сумаас 130 км, - Орхон аймгийн төвийн сум Баян-өндөрөөс /Эрдэнэт/ 180 км зайд оршдог. Зүүн ба урд талаараа Дархан-Уул аймгийн Хонгор, хойт талаараа Орхон сум, баруун талаараа Сэлэнгэ аймгийн Сайхан сумтай тус тус хиллэдэг.