Орхон аймгийн Баян-Өндөр сум нь 1994 онд байгуулагдсан. 19 багтай үүнээс 7 баг хотын төвд 11баг гэр хороололд байрладаг. Нийт 24045 өрхөд 87273 хүн амьдардаг. Хүний хөгжлийн индексээр улсын хэмжээнд 1-р байранд ордог. Монгол улсын хэмжээнд Улаанбаатар хотын дараа орох хамгийн том сум юм.Хүн амын тоогоор Орхон аймгийн 2 сумаас нэгд, хүн амын нягтралаар хамгийн өндөр /5.9хүн/га/ сум юм.
Орхон, Сэлэнгийн сав газарт оршдог. Физик газар зүйн мужлалаар Хангай, Хэнтийн уулархаг мужлалд багтана. Зостын даваа, Цагаанчулуутын даваа, Баянцагаан, Баян-Өндөр, Бүрэнбүст зэрэг бэсрэг уулс зонхилж, Чингэлийн гол, Говилын гол, Уртбулаг, Хаяа булаг, Тал булаг, Цагаанчулуут зэрэг гол горхи булгууд Орхон голд цутгадаг.Тус сум нь ой хээрийн бүсэд багтана. Ойн бүрэлдэхүүнд хар мод, улиас, бургас, улиангар зэрэг мод голлож, мөн бусад модлог, бутлаг ургамал бөөрөлзгөнө, буриагуул, тавилгана, нохойн хошуу, хар урт, яргай зэрэг болно.