Улсын нийслэлээс баруун урагш 502 км, аймгийн төв Арвайхээр хотоос баруун урагш 72 км давхиж байж тус сумын төвд хүрдэг.[1] Урьдын цагт Сайн ноён хан аймгийн Сайн ноён ханы хошуунд харьяалагдаж байсан. Бүр Намнансүрэн ханы орд гэр тус сумын Хан хөгшин уулын ард байдаг байжээ. Хайрхандулаан сум нь Өвөрхангай аймгийн нутгийн баруун хэсэгт, баруун урд талаараа Нарийнтээл, хойд талаараа Уянга, зүүн талаараа Тарагт, урд талаараа Гучин-ус сумтай хиллэж, Хангай нурууны өвөр, тал хээрийн бүсэд далайн төвшнөөс дээш 2000 - 2978 м өндөрт өргөгдсөн, 413,8 мянган кв.м газар нутгийг эзлэн оршдог. Далайн түвшнээс дээш 1900 м өргөгдсөн.Физик газарзүйн хувьд Хангайн нурууны уулсын бүсэд багтдаг.
Газар хөдлөлийн эрчим 3-4 балл.
Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий хангайхээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Уур амьсгалын хувьд их газрын эрс тэс уур амьсгалтай. Сүүлийн 3 жилийн дунджаар хур тунадасны хэмжээ 143,7 мм, гантай жилийн тунадас 77,3 мм байна. Монгол орны уур амьсгалын мужлалын хувьд авч үзвэл сумын нутгийн ихэнх хэсэг нь хуурайдуу сэрүүхэн зунтай, өвөлдөө цас ихтэй байдаг.Тус сум нь аймагтай хил залгаа оршиж нийт хүн амын 22.1 хувь нь сумын төвд, 77.9 хувь нь хөдөөд амьдардаг, Эмээлт, Дэрсэн хонхор баг аймагтай хил залгадаг, Аргуйт баг сумын төвөөс алслагдмал оршдог.Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.
Сумын хүн амын 54.7 хувь нь залуу болон дунд насныхан, 37.4 хувь нь хүүхэд, 7.9 хувь нь хөгшид байна.