Цагаан-Үүр сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Баруун талаараа Ханх сум, баруун урд талаараа Чандмань-Өндөр сум, урд талаараа Эрдэнэбулган сум, хойд болон зүүн талаараа Оросын Холбооны Улстай хиллэнэ. Сумын төвийн албан ёсны нэр Булган бөгөөд Үүрийн голын баруун талд байрлана.
Нийт газар нутаг 8,730 км². Хүн
ам 2007 оны байдлаар 2415. 1931 онд Хөвсгөл аймгийг байгуулагдахад Цагаан-Үүр сум
байгуулагджээ. 1933 оны байдлаар 690 өрхийн 2,400 оршин суугч, 22,000 орчим
толгой малтай байжээ. 1939 онд Уялган нэртэйгээр анх нэгдэл байгуулагдсан ба
сүүлд Цог нэгдэл гэж нэрлэгдэх болсон. Сумын нэр нь уг сумын нутгаар урсах
Үүрийн голоос үүдэлтэй. Цагаан-Үүр сумын хүн амыг буриад, халх, урианхай
ястнууд голлон бүрдүүлнэ. Нутгийн уугуул иргэд буриадууд байсан бол Манжийн
дарлалын жилүүдэд хойд хилийн манаанд халх иргэдийг дайчлан нүүлгэн ирүүлж
байжээ. Нутгийн амьдрах хэв маяг, ёс заншилд буриад болон оросын нөлөө одоогоор
ч их үлдсэн нь уг сумын нутагт орос маягийн улаан дүнзэн байшин, буриад талх,
цөцгийн тос, ёпоошиг, арьс элдэх эргүүлэг зэргээс харагддаг.