ХЭНТИЙ АЙМАГ

Нутаг дэвсгэрийн хэмжээ 83.0 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай. 2010 оны байдлаар хүн амын тоо 65811, малын тоо толгой 2180700. Хэнтий аймаг нь 17 сум, орон нутгийн 3 хоттой. Аймгийн төв Өндөрхаан хот нийслэл Улаанбаатараас зүүн тийш 330 километрт оршдог. Халх, буриад, казак, урианхай зэрэг олон үндэстэн ястнаас бүрэлдсэн. Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ аймагтай,  хойд талаараа ОХУ-тай хил залгадаг.


Хэнтий аймаг нь XVII зууны эцсээр байгуулагдсан Халхын ууган дөрвөн аймгийн нэг бөгөөд “Цэцэн хан” аймаг нэртэй 25 хошуутайгаар 200 гаруй жил болжээ. Ардын засгийн шийдвэрээр 1923 онд Хан Хэнтий уулын аймаг болж зохион байгуулагджээ. Дараа нь 1930 онд Дорнод, 1942 онд Сүхбаатар аймгийг байгуулснаар Хэнтий аймаг нэртэй болж одоогийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалтанд орсон байна. Тус аймгийн ард түмэн 1943 онд “Алтан гадас” одонгоор шагнагджээ.


Аймгийн нутгийн зүүн хойд захын 4157 хавтгай дөрвөлжин километр талбайг 2000 онд Онон-Балжийн байгалийн цогцолбор газар болгосон. Монгол улсын төрийн тахилгат Бурхан Халдун уул Хэнтий нурууны төв хэсгийн Хэрлэн, Онон, Туул болон тэдгээрт цутгадаг голуудын эх, тайгын бүслүүрийн онгон байдлыг хадгалсан 12271 хавтгай дөрвөлжин километр талбайг 1992 оноос дархлан хамгаалсан. Археологийн ач холбогдол бүхий 800 гаруй булш бунхан, “Их хориг” зэрэг түүх соёлын дурсгалуудтай. Монголын Дорнод тал үргэлжилсээр зүүн хойд хэсэгтээ уулт хээрт шилжих 4700 хавтгай дөрвөлжин километр газрыг нутгийнхан Тосон Хултай хэмээн нэрлэдэг бөгөөд 1998 оноос байгалийн нөөц газар болгосон. Хар ямаат, Түмэнцогт зэрэг 1350 метр өндөр уулсын орчны нутаг бага зэрэг ой модтой, уулын хээрийн чулуулгын хувьд сонирхолтой иж бүрдлийг үүсгэсэн 506 хавтгай дөрвөлжин километр нутаг бөгөөд 1998 оноос байгалийн дурсгалт газар болгосон. Дэлүүн болдог, Даланбалжуд, Чингисийн хөшөө, Биндэр уул, Хурхын хөндий, Аураг орд, Аваргын балгас, Хар зүрхний хөх нуур, Номын гэрэлт хөшөө, Жаргалант нуурын бичигт хад, Өглөгчийн хэрэм, Рашаан хадны булш, Рашаан хадны сүг зураг, бичээс гэх мэт түүх соёлын дурсгалт газруудтай.  


Хэнтий аймгийн 9 гайхамшигаар Бурхан Халдун уул, Балдан бэрээвэн хийд, Чингисийн гэрэлт хөшөө, Дэлүүн болдог, Хар зүрхний хөх нуур, Хэрлэнгийн хөдөө арал, Өглөгчийн хэрэм, Рашаан хад, Дуурилаг нарсны Хүннү булш зэрэг газрууд тодорчээ. 


Хэнтий аймгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0