11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ХӨВСГӨЛ - ХАТГАЛ СУМ

Хатгал нь Хөвсгөл аймгийн сум юм. Хөвсгөл нуурын өмнөд үзүүрт оршино. Хатгал тосгонд нисэх онгоцны буудал, усан боомт, сургууль, шуудан зэрэг албан байгууллагууд бий.   Хатгал тосгоны нутаг нь 1600 оны дунд үе хүртэл баруун монголын хаант улсын бүрэлдэхүүн нутаг байсаар ирсэн юм.

 Энэ нутагт баруун монголын цэргийн зэвсэгийн төмөр хайлуулдаг газар байсан тухай Оросын түүх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Хатгал орчим нь зэвсэг бэлтгэх цэргийн хүрээ буудалладаг газар байжээ. 1696 онд халх Монгол манжийн дарлалд орсоноос хойш Оросын хилийн дагуу Харуулын алба байгуулагдахад одоогийн Хатгал орчимд Хатгал харуулыг байгуулжээ. Ингэж Хатгал сумын суурийн газар болох эхлэл тавигдаж эхэлжээ. Улмаар Манж, Хятад, Монгол ноёд Хатгал орчмын газар нутгийн тансаг сайхан байгалийг хараад биширч, энэ нутгийг амарч зугаацахад аятай тохитой газар юм гэж үзэж ойр хавьд нь айл мал байлгахгүй байхыг шаардаж байжээ. Ийнхүү нь 1727 оноос Хатгал суурин газрын шинжийг олж байгуулагджээ. 1910 он гэхэд Оростой хийх худалдааны зам дайрч өнгөрдөг бяцхан тосгон болсон байв.

1914 онд Оросын хилийн хот Мондоос Улиастай хүртэл телеграфын шугам татагдсан нь Хатгалыг дайран өнгөрч байсан бөгөөд 1921 оны байдлаар 150 орос иргэн амьдардаг Монголын хойд зүгийн Улиастай хотын дараа орох томоохон суурийн газрын нэг болж байжээ. 1921 онд Оросын цагаан цэрэг Хатгалыг эзлэн авахад Д.Сүхбаатар "...бид умар зүгийн гол стратегийн чухал газраа дайсанд алдлаа гэж онцгойлон төлөвлөгөө зохиож Чойбалсан тэргүүтэй цэрэг хөдөлгөн чөлөөлж байсан" монгол орны чухал газрын нэг юм.

1921 онд Хатгал нь бүс нутгийнхаа засаг захиргааны төв нь болов. 1931 онд Хөвсгөл аймаг зохион байгуулагдахад аймгийн төв болж байсан ч 1933 онд аймгийн төвийг Мөрөн уруу шилжүүлжээ.

ТОО
0
0
0